Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байсан Н.Лүндэндорж өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “512 шүүгч дотор нэг тэрбум ам.долларын хадгаламжтай шүүгч байж болдоггүй юм уу” хэмээн хэлснээс ердөө найман сарын дараа АТГ-ын соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Авлига хамгийн их тархсан инстуцээр шүүх байгууллага 2016 онд 3-т эрэмбэлэгддэг байсан бол 2018 онд хоёр байраар урагшилж нэгдүгээр байранд эрэмбэлэгдлээ” хэмээн мэдэгдэж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2013 оны 05 дугаар 07-ны өдөр зарлиг буулгаж, философич мэргэжилтэй Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаар томилсон нь ч санамсаргүй зүйл байгаагүй аж.
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Аварга дээд сургуулийн спортын эмчилгээний ангийн нэгдүгээр курсын оюутан, 18 настайг Э-г Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Цахилгаан түгээх үндэсний сүлжээ компанийн уулзвараар гарцаар зам хөндлөн гарч явах үед нь согтуугаар жолоо барьж явах үедээ дайрч хөнөөсөн алуурчин Н.Лүндэндоржийг шүүх засаглалын оройд залснаас хойш ердөө тавхан жилийн дотор Монголын хамгийн их авлигад өртсөн инстуц шүүх болж хувирсан нь гайхамшиг гэлтэй.
2014 оны 03 сарын 14-ний өдөр Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2014 оны 1/08 –р тогтоолын хавсралтаар “Монгол Улсын шүүхийн шүүгчдийн ёс зүйн дүрэм” гэгчийг баталжээ.
Уг дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэдэг маш ноцтой зүйл заалтыг хийж, ганцхан энэ заалтыг үндэслэн бусдаас авлига авч, хэргийг илт буруу шийдсэнийхээ төлөө шүүгч хүн ямар ч хариуцлагаас мултарч чаддаг болсон юм.
Түүгээр ч зогсохгүй уг хэсгийн 4 дэх заалтад “Шүүгч бусад шүүгчийн үйлдсэн ёс зүйн зөрчлийг зохих байгууллагад мэдэгдээгүйн төлөө хариуцлага хүлээхгүй” гэдэг бүр ч аюултай зүйлийг тунхаглан зарласан байх юм. Өөрөөр хэлбэл шүүгч хүн авлига авч хэргийг илт буруугаар шийдсэнийг мэдсээр байж нуун дарагдуулсан шүүгч хүн ямар ч ял хариуцлагагүй үлддэг, байж боломгүй заалтыг тэд Шүүгчийн ёс зүйн дүрэмдээ зоож өгчээ.
Хүний амь амьдрал, эд хөрөнгө, хувь заяаг дэнсэлж байдаг шүүгчийн албан тушаал бол хамгийн өндөр хариуцлага, нягт нямбай ажиллагаа, үнэнч шударга, ёс зүйтэй, мэргэжлийн байдлыг шаарддаг учраас Монголын төр шүүгч, шүүхийн хараат бус байдлыг хуульд хамгийн дээд зэргээр хамгаалж, шүүгчийн цалинг Монгол Улсын Их Хурлын гишүүний авдаг цалингаас 2 дахин өндрөөр тогтоож өгсөн нь эцэстээ гай болно гэж хэн санах билээ.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Намжилсүрэнгийн Оюунтуяа нь Монголын маш нэртэй шатахуун импортлогч компанийн нэхэмжлэлтэй, Монгол мэдээ сонинд холбогдох, нэр төр сэргээх тухай 100 сая төгрөгийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ
· Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан шүүгч “Хүний эрхийг дээдлэх чадвартай байх шаардлага”
· Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх” зарчмууд
· Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэснийг тус тус зөрчсөн гэж үзээд түүнд сахилгын хэрэг үүсгэхээр шийдвэрлэв гэдэг тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн ёс зүйн хорооноос баталж, гарын үсгээ зурцгааж байжээ.
Гэтэл энэ явдлаас хойш хоёрхон сарын дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Шүүхийн ёс зүйн хорооны 28 тоот магадлалаар хариуцлагагүй шийдвэр гаргасан Н.Оюунтуяа шүүгчид сахилгын хэрэг үүсгэх тухай тогтоолоо хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь гайхмаар.
Уг магадлалын үндэслэл хэсэгт “Монгол Улсын шүүхийн шүүгчдийн ёс зүйн дүрэм”-ийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан нь шүүгчийн хууль буруу хэрэглэсэн алдаанд хариуцлага хүлээлгэхгүй байх зарчмыг тунхагласан хэрэг. Энэ зарчим нь шүүгч аливаа хэрэг маргааныг буруу шийдвэрлээд хариуцлага хүлээчих вий гэдэг айдасгүйгээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэх боломжийг олгодог” хэмээсэн байдаг аж.
Гаргасан шийдвэр бүрээрээ хүний амь амьдрал, хувь заяаг дэнсэлж байдаг шүүгч хүн гаргасан буруу шийдвэрийнхээ төлөө хариуцлагагүй үлдэнэ гэдэг шударга ёс биш юм.
Хуулийг уландаа гишгэж, бусдыг хилсээр ялладаг шүүгчидтэй хариуцлага тооцож чаддаг механизмыг нэн даруй бий болгох цаг болсон.