Авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэрэгтнүүд гадагш зугтаж алга болсон талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан онцоллоо. Тэрээр нэр цохиж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай нарыг эрэн сурвалжлах ажиллагааг Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас зохион байгуулж буй талаар мэдэгдсэн юм.
Улмаар авлига авсан 17 шүүгчийн зарим нь гадагш зугтаж гарсан учир бусдынх нь гадагш гарах эрхийг хаах хүсэлтийг хууль хяналтынханд өгсөн талаараа мэдэгдлээ.
Түүний мэдээллийн мөрөөр бид Авлигатай тэмцэх газартай холбогдож тодруулахад одоогоор “дээрх гурван эрхмийг эрэн сурвалжилжлаагүй” гэсэн тайлбар өглөө. Хэдийгээр АТГ –аас тэднийг эрэн сурвалжлаагүй гэж мэдэгдсэн ч дээрх гурван эрхэм хаана яваа нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа болов уу?
Нийслэлийн ИТХ-ын дарга асан Ц.Сандуйг төрийн албыг “60 тэрбумын схем”-ээр арилжих гэж байсан үндэслэлээр хууль хяналтын байгууллагуудад шалгуулах хүсэлтийг холбогдох хүмүүс өгсөн байдаг. Уг хэрэг шалгагдаж байгаа гэх боловч ямар шатандаа яваа нь бүрхэг.
Цэндсүрэнгийн Сандуй 2017 оны 09-р сарын 22-ний өдөр болсон НИТХ-ын ээлжит 11-р хуралдааны үеэр НИТХ-ын даргын сонгуульт ажлаа албан ёсоор хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш “Ц.Сандуйг барьж хорьж магадгүй”, “Ц.Сандуйг элчин сайдаар томилно” гэх мэт мэдээлүүд гарсан ч аль нь ч ажил хэрэг болоогүй. Он гарсаар нийслэлийн засаг даргыг шинээр томилох асуудал яригдах үед буюу 2019 оны 02-р сарын 18-нд Ц.Сандуйг төлөөлөгч С.Мөнхчулууны хамт МАН-аас түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаж байсан. Энэ талаараа ч Ц.Сандуй албан ёсоор тайлбар өгөөгүй өдийг хүрсэн.
Харин түүний твиттер, facebook зэрэг хувийн цахим хуудсууд дахь мэдээллийг харвал хамгийн сүүлд Олон улсын эх, хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06-р сарын 01-ний өдөр тойргийнхоо багачуудад бэлэг тараасан мэдээлэл оржээ.
Түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн ч Ц.Сандуй төлөөлөгч НИТХ-ын хуралдаа ч суухгүй/эх сурвалжийн өгсөн мэдээлэл/, хаана яваа нь тодорхойгүй байна. Ж.Батзандан гишүүний хэлснээр үнэхээр гадаадад гарч “зугтав” уу эсвэл Монголдоо намдуухан амьдарч байна уу гэдэг нь тодорхойгүй байна.
Ж.Батзандан гишүүний хэлснээр АТГ-аас эрэн сурвалжилж буй дараагийн хүн бол ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Түүнийг ерөнхийлөгч байхдаа олон хууль бус зүйл хийж, идэж, уусан гэж “ялладаг”. Ц.Элбэгдорж өнгөрсөн 03-р сарын 27-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, “надад ямар ч хууль бус, буруу зөрүү байхгүй” хэмээн онцолж байсан юм. Түүнээс төд удалгүй цөөн хэдэн сэтгүүлчтэй уулзалт хийснээс хойш өдгөөг хүртэл мөн л нам гүмхэн “аж төрж” байна. Экс ерөнхийлөгч “зангиагаа зүүгээд, гутлаа тослоод очиж шалгуулсан” хэрэг нь ч хэрхэж байгаа нь тодорхойгүй.
Ц.Элбэгдорж хамгийн сүүлд 06-р сарын 11-ний өдөр цахим хуудас/жиргээ/ ашиглаж монголын хөлбөмбөгийн багтай холбоотой мэдээллийг дахин жиргэжээ. Твиттер, facebook зэрэг цахим хуудсуудыг идэвхитэй ашигладаг тэрээр 06-р сарын 11-нээс хойш хаана, хэрхэн амьдарч байгаа нь сонин...
Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай 2013 онд сайд байхдаа “ЖДҮХС-гаас төсөвт тусгагдсан 500 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэх үндэслэлээр АТГ-аас хэрэг үүсгэж, улмаар нийслэлийн прокурорт шилжүүлсэн байдаг. Түүнд “хилийн хориг тогтоосон байсан ч Дорнод аймгаар хил даван зугтжээ” гэх мэдээлэл 2019 он гарахаас өмнө гарч, түүнээс хойш ор сураггүй байна. Түүний цахим хуудсууд аль эрт "амьгүй" болжээ.
Түүнийг АТГ-аас шалгаж байгаа эсэх, эрэн сурвалжилж байгаа эсэх нь ч тодорхойгүй. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан түүнийг АТГ-аас эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлсэн юм.
Ийнхүү авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж, тодорхой хэмжээнд шалгагдаж буй дээрх эрхэмүүд хаана, хэрхэн, юу хийж аж төрж буй нь байна вэ гэдэг нь асуулт хэвээр... Бас тэднийг буруутгадаг буруутгалууд үнэн үү, худал уу гэдэг нь ч мөн л тодорхойгүй...