Одоогоос яг 11 жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 01-ний өдөр Монголын ард иргэд сонгуулийг шударга бус явуулсан, сонгуулийн үр дүнг зориудаар будлиулсан хэмээн эсэргүүцлийн жагсаал хийсэн нь сүүлдээ нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болон өрнөж, таван сайхан залууг төрийн цагдаа нь буудан хөнөөснөөр дуусаж байлаа.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид хэргийн газраас олдсон хонгионуудад дүн шинжилгээ хийж, аллага үйлдсэн этгээдүүдийг нэг бүрчлэн тогтоосон гэх боловч эцсийн хариуцлагыг ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболд, ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан Г.Ганбаатар нар үүрч гурван шатны шүүхээс 2-6.6 жилийн хорих ял авч авлаа.
Таван залуугийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутай хэмээн яллагдсан Ч.Амарболд генералд /Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2010.04.25-ны өдрийг зарлигаар генерал цолыг хураасан/ Монголын төр, тэр дундаа 2008 онд Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил дааж давшгүй өртэй мэт аашилж, боломж л гарвал ямар нэгэн албан тушаалд томилсоор ирсэн нь анхаарал татдаг.
Тухайлбал, Ц.Мөнх-Оргил 2016 онд Гадаад харилцааны сайд болсныхоо дараа 2017 оны наймдугаар сарын 01-ний өдөр Ч.Амарболдыг БНХАУ-ын Эрээн хотод суух Ерөнхий консулаар томилж илгээжээ. Гэвч БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас Ч.Амарболд нь гурван шатны шүүхийн шийдвэрээр ял эдэлсэн хүн учраас өөрийнхөө нутаг дэвсгэрт Ерөнхий консулаар ажиллуулах боломжгүй гэх тайлбар (агремен.Сур) хэлж хүлээн аваагүй байна.
Гэвч Монголын төр Ч.Амарболдыг жил гаран гүрийлгэсний эцэст 2018 оны гуравдугаар сард эгүүлэн татмагцаа Казакстан Улсын Астана хотод суух Элчин сайдын яаманд зөвлөх гэдэг албан тушаалд 2018 оны наймдугаар сарын 20-ны өдөр томилж илгээсэн байх юм.
Ч.Амарболд нь төрөөс ямар нэгэн албан тушаалд тавьж, цалин пүнлүү олгохгүй л бол гудамжинд гарчих гээд байдаг хүн биш аж. Тэрбээр 936 сая төгрөгөөр үнэлэгдэх 6 орон сууц, 48.1 сая төгрөгийн үнэлгээтэй мал, 145 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 газар, 35 сая төгрөгийн үнэт эдлэл, 310 сая төгрөгийн хадгаламжтай, “Тод тэмдэг сервер” ХХК-ийн 66 хувь, “Тод амгалан” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг хэмээн ХОМ-т нь дурайгаад байж байна.
Монголын түүхэнд хар өдөр хэмээн тэмдэглэгдэн үлдсэн 2008 оны долдугаар сарын 01-ний өдөр таван залууг хөнөөсөн хэргийн гол буруутан хэмээн яллагдсан Ч.Амарболдод, тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил, У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар өртэй болоод төрийн өндөр албан тушаалд томилоод байгаа нь анхаарал татаж байна.