Канадын Нью Брансвик хэвлэлийн компанийн ажилтан шог зураач Майкл дэ Аддер Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампыг элэглэж зурсан нь цахим орчинд маргаан дагуулж улмаар ажлаасаа халагдахаар болжээ. Шог зураач Трампын цагаачдын эсрэг баримталж буй хатуу чанга бодлогыг шүүмжлэн цахим хуудаст зургаа байршуулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Америк, Мексикийн хилийн ойролцоо Рио Гранд голд живсэн байсан Оскар Альберто Мартинез болон түүний хоёр ойтой охин Анги Валериа нарын зураг дэлхий нийтийн зүрх сэтгэлийг шимшрүүлсэн билээ. Аав нь охиноо цамцан дотроо үүрч гол гатлах гэж байгаад живсэн байсан юм.
Шог зураач Трампыг цагаачлах гэж байгаад амиа алдсан аав охин хоёрын цогцосны дэргэд гольф тоглож байгаа мэтээр дүрсэлжээ. Цахим ертөнцөд шүүмжлэлд өртсөн зургийг Нью Брансвикын бүх сонингуудаас авч, шог зураач Аддер хэвлэлийн компанитай хийсэн гэрээгээ цуцлан үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон хэмээн Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com