СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрхүү мужид үерийн гамшиг нүүрлээд байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Х.Өлзийбаяр

ОХУ-ын Эрхүү мужид голууд үерлэсний улмаас 2400 орчим байшинтай 20 тосгон, суурин газар усанд автаад нийтдээ зургаан мянга гаруй оршин суугч орчноос тусгаарлагдаад байна. Зөвхөн Нижнеудинск районд гэхэд л 18 суурин гадаад ертөнцөөс тусгаарлагдан бүх байшин барилга нь усанд автаад байгаагийн дотор хүүхдийн гурван цэцэрлэг, хоёр сургууль, районы эмнэлэг, чихрийн үйлдвэр, засаг захиргааны бүх байшин байна. Энэ бүсэд хоёр ч цахилгаан станц усанд автсанаас 3500 орчим хүн гэрэл цахилгаангүй болжээ. Үерийн улмаас ус зайлуулах бүх суваг, усан сан ажилгүй болж, 13 гүүр, замын 16 хэсэг эвдэрч гэмтсэн байна.

Тулуны район дахь Кирей голын усны түвшин хоёр дахин нэмэгдэж 552 см болж бүх байшин усанд автан 842 хүнийг нүүлгэн шилжүүлж түр байгуулсан 17 сууцанд хүргэжээ. Тулун хотын Ия голын усны түвшин 950-1050 см хүрсэн бол Ухтуй тосгоны дэргэдэх Оке гол 480-540 см, Шиткино тосгоны ойролцоох Бирюса голын түвшин 600-650 см болжээ. Одоо Эрхүү мужид онц байдал тогтоогоод бүс нутгийн Барилгын болон Орон сууцны бодлогын яам, Эрчим хүч, Тээврийн яамд усанд автсан барилгуудад үнэлгээ өгөх, сэргээн засварлах төлөвлөгөө боловсруулан ажилдаа ороод байна. Үүний зэрэгцээ хүмүүсийг ундны цэвэр ус, хүнс, эм хэрэгслээр хангах ажил зохион байгуулж байна.Үерийн улмаас гамшгийн бүсээс хөршийнхөнтэйгөө хамт завиар гарахаар явж байсан 86 настай өвгөн, найман настай ачийнхаа хамт зургадугаар сарын 27-ны орой осолдож амь алдсан байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.