100 айлын 1,6 км замын өргөтгөл шинэчлэлтийн ажил өнөөдөр эхэлж байгаатай холбоотойгоор 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх авто замыг гурван хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, зам барилгын ажлыг эхлүүлэх гэж байна.
Иймд тус чиглэлийн автозамаар зорчих иргэд болон үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд автозамын барилгын ажил хийгдэх хугацаанд үйлдвэрлэл үйлчилгээгээ төлөвлөн ажиллана уу.
Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра "100 айлын замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр байна. Мөн тухайн замын хоёр талаар ногоон байгууламж, явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэгтэй хийхээр төлөвлөсөн.
Суурьшлын бүс ихтэй учраас 100 айл орчмын замыг ингэж гурван хэсэгт хувааж байгаа юм. Нийтийн тээврүүд эхний ээлжид Хангай хотханы зүүн гар талаар 100 айл руугаа зорчих боломжтой.
Хоёр дахь ээлжид 100 айлын Сэлбэ голыг дагасан далан бий. Энэ далан дээгүүр тээврийн хэрэгсэл одоо болтол зорчиж байгаа. Зам барилгын ажлаа бид өнгөрсөн жил шиг усархаг бороо дарааллаж олон өдөр орохгүй бол ирэх сарын 15-ны өдөр хийж дуусаад зочих хэсгээ нээнэ. Харин үлдсэн тоноглолын ажлаа хийхдээ бид ямар нэг байдлаар тээврийн хэрэгслийн саад болохгүй.
Энэхүү 1.6 километр авто замын нийт төсөв нь 3.4 тэрбум төгрөг. Энэ мөнгө зөвхөн 100 айлын замын бүтээн байгуулалтын ажилд биш, замын доорх инженерийн шугам сүлжээг засварлах, тунелын системд оруулах ажилд зориулагдана.
Мөн бид 100 айлын зогсоолын тоог нэмж, замын ус зайлуулах хоолойг шийднэ. Тиймээс тухайн зам дээр ус тогтоно гэсэн асуудал гарахгүй" гэлээ.