СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2019-07-01

Тавын даваа буюу улсын цолонд ойрхон бөхчүүд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Мөнхзул

Их Монгол Улс байгуулагдсаны 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадам эхлэхэд яг 10 хоног үлдлээ. Энэ жилийн улсын их баяр наадамд уламжлал ёсоор хүчит 512 бөх барилдах бөгөөд хэний хүү түрүүлж, үзүүрлэх вэ. Ямар бөхчүүд нь их шөвөгт, дунд шөвөгт үлдэх вэ гэдэг нь яах аргагүй анхаарал сонирхол татдаг ч шинээр улсын цолонд хүрэх бөхчүүд илүү анхаарал татдаг нь үнэн. “Дэлтэй болгон уралдсан ч айраг амсаагүй наадам, дээлтэй бүхэн барилдсан ч начин болдоггүй наадам” гэж улсын цолны өндөр босгыг тайлбарласан үг бий. Өнөө жилийн заалны барилдаанд өнгөө зассан аймгийн арслан цолтой олон бөх бий. Хэн илүү их бэлтгэл хийж, хөдөлмөр зарцуулсанд нь цол ирдэг гэсэн ч яриа байна. Энэ жилийн баяр наадамд аймгийн хурц арслан О.Гантулга, аймгийн арслан “гоё” А.Отгонбаатар, аймгийн арслан Б.Суманчулуун нарыг улсын цолтны эгнээнд багтаасай гэж бөх сонирхогчид хүлээж буй. Б.Суманчулууны хувьд начин цолонд хүрсэн ч допинг илэрч цолоо хураалгасан байдаг. Сүүлийн жилүүдэд аймгийн цолтнуудын барилдааны арга барил, ур чадвар эрс сайжирсан тул улсын цол авах магадлалтай залуухан арслангууд олон байна. Тэдгээрээс заримыг нь онцлоё.

Аймгийн хурц арслан У.Береке

Өлгий нутгаас төрөн гарсан бөхчүүд сүүлийн жилүүдэд тун сайн барилддаг болсон. Тэр ч утгаараа хоёр жил дараалан хоёр ч начин цолтон төрсөн. Тэгвэл энэ жил нэг биш нэжгээд начин энэ аймгаас төрж магадгүй. Тэдгээрээс хамгийн өндөр магадлалтай нь аймгийн хурц арслан Береке юм. Хөнгөн жинтэй ч уян хатан, бярдуулдаггүй, чацархаж барилддаг түүнийг бөхийн хүрээнийхэн тав даваад есөн хөлтөө тойроод дэвж байх боломжтой гэж дүгнэжээ. У.Береке арслан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд тогтмол дээгүүр амжилт үзүүлдэг бөгөөд өнгөрсөн жил Увс аймгийн “Увс нуур” галын наадмын сорилго барилдаанд үзүүрлэсэн. Энэ жил ч өөрийн дэвжээний сорилгод үзүүрлэв. Баян­Өлгий аймгаас хурц арслан У.Берекегээс гадна Н.Мустафа, М.Эркебулан гэсэн хоёр хүчит арслан бий. Тэд ч энэ жилийн улсын цолтны тааварт зүй ёсоор багтаж байгаа. Ялангуяа аймгийн арслан М.Эркебулан улсын өндөр цолтой бөхчүүдтэй тун сайн барилддаг болсныг та бүхэн анзаарсан биз.

Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл

Булган аймгийн Орхон сумын уугуул тэрбээр 2015 оны Булганы наадмаар аймгийн заан цол хүртсэнээс хойш хоёр удаа заан цолоо баталж, эцэст нь өнгөрсөн жил Налайхын наадамд түрүүлэн арслан цолонд хүрсэн. Богино хугацаанд барилдааны ур чадвар нь дээшилсэн гэж бөх сонирхогчид, бөхийн хүрээнийхэн үнэлдэг. Бие жижиг, жин багатай ч тун уян хатан барилдаан үзүүлж, баргийн бөхөд бярдуулдаггүй. Тэрбээр “Улсын заан цол хамгийн сайхан. Миний мөрөөдлийн цол” хэмээн ярьсан удаатай. Энэ аймгаас аймгийн арслан Б.Сумъяабат, Г.Ганбаатар нарыг улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэж болох юм. Дээрх гурван бөхийн хувьд нас ойролцоо, бүгд нэг дор Булган аймгийн Бүрэгхангай суманд улсын заан Д.Баасандоржийн удирдлагад бэлтгэлээ базааж байна.

Аймгийн хурц арслан Н.Баттүвшин

2014 оны Хөвсгөл аймгийн баяр наадмаар 512 бөх барилдсан шалтгаанаар шөвгөрсөн бөхчүүдийн цолыг нэг ухраан тооцож Н.Баттүвшингийн “Аймгийн хурц арслан” цолыг хураан “Аймгийн арслан” цолоор барилдуулсан билээ. Харин 2019 оны хоёрдугаар сард тухайн наадмыг хүчинтэйд тооцон 2014 оноос наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол чимгийг нөхөн олгосон бөгөөд Н.Баттүвшинд “Аймгийн хурц арслан” цолыг эргүүлэн олгосон юм. Алдарт аварга Д.Дамдины төрсөн сумаас нэгэн сайн бөх төрж буй нь хурц арслан Н.Баттүвшин билээ. Даруухнаар, чимээгүйхэн амжилтаа ахиулсаар яваа тэрбээр өнгөрсөн жилийн наадмаас хойш Бөхийн өргөөнд зохион байгуулагдсан барилдаанд хоёр удаа түрүүлж, хэд хэдэн удаа шөвгөрсөн. Тиймээс түүнийг зүй ёсоор улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэж байгаа юм.

Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд

Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд. 2013 онд Завхан аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Бадамсүрэнгээр найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Уран барилдаант арслан Ш.Пүрэвгарьдыг бөх сонирхогчид жил бүр цолтны тааварт багтаадаг. Бие жижиг, жин хөнгөн ч уран барилдаанаараа гайхуулдаг тэрбээр улсын цолтнуудын зүрхэнд шар ус хуруулж чаддаг. Тиймдээ ч том цолтнууд Ш.Пүрэвгарьдыг тэр бүр амлаад байдаггүй. Уран, уян хатан барилдаантай арсланг начин цол хүртэхэд гайхаад байх зүйлгүй. Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн Бүх цэргийн наадмаар л гэхэд уран барилдаанаараа бөхийг хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлж чадсан тэрбээр хаана ч, хэний ч өмнөөс давшиж барилддагаараа онцлогтой бөх. 

Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр

Төв аймгийн наадамд өнгөрсөн жил 256 бөх хүч сориход Төв аймгийн Баянчандмань сумын харъяат ШШГЕГ­ын “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээ, “Билэг насан” ББСБ­ын бөх, аймгийн арслан Э.Ууганбаяр найм даван түрүүлж, хурц чимэг хүртсэн. Тэр цагаас хойш заалны барилдаанд тогтмол сайн барилдах болсон тэрбээр энэ жил хамгийн түрүүнд тав даваад дэвж явах бөхчүүдийн нэг. Бяртай, жинтэй, бас уран барилдаантай түүнийг зөвхөн Төв аймгийнхан бус бөхөд хайртай монголчууд харж байгаа.

Аймгийн арслан Ц.Мөнхбаяр

Увс аймгийн харьяат Ц.Мөнхбаяр арсланг бөх сонирхогчид сайн мэдэх биз. Сүүлийн жилүүдэд Увсаар овоглосон шинэ залуу аймгийн арслан, заан, начингууд заал танхимын барилдаанд тогтмол сайн барилдах болсон бөгөөд тэдний нэг нь Цэдэндамбын Мөнхбаяр юм. Уран барилдаанаараа гайхуулдаг тэрбээр энэ жилийн наадмаар улсын цолтны эгнээнд багтахын тулд тусгай бэлтгэл хийж байгаа гэнэ.

Аймгийн арслан Д.Зоригтбаатар

Орхон аймгийн баяр наадамд 256 бөх хүч сориход Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Батлан хамгаалах яам, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 330 дугаар анги “Бөхбилэгт” дэвжээ, “Бест буйдан” компанийн бөх аймгийн заан Б.Зоригтбаатар найм даван түрүүлж, аймгийн арслан цолтой болж байлаа. Тэр цагаас хойш бөх сонирхогчдын анхаарлын төвд багтсан тэрбээр хөнгөн жинтэй, бие жижигтэй ч хурдан шаламгай барилдаанаараа бөхийн хүрээнийхэнд хүндлэгдсэн нэгэн. Энэ жил улсын цол авах магадлалтай.

Аймгийн арслан М.Бямбадорж

Говьсүмбэр аймгийн өнгөрсөн жилийн баяр наадамд түрүүлснээс хойш илт сайжирсан бөх гэж үнэлдэг. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, хилийн цэргийн 0208­р тусгай салбарын бөх М.Бямбадорж арслан тун өнгөтэй байгаа. Түүний бэлтгэл ч жигдэрсэн харагдана лээ. Ямар ч байсан нэлээд дээгүүр барилдах бөхийн тоонд зүй ёсоор нэрлэж болно. Аймгийн арслан болсноосоо хойш бага зэрэг зузаарахын зэрэгцээ барилдааны арга барилаа ч нэлээд өөрчилсөн. Хурц, дайчин барилдаанаараа Төв цэнгэлдэх хүрээлэнд цугласан олныг баясгах залуу арслангуудын нэг нь яах аргагүй М.Бямбадорж юм.

Аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр

Төв аймгаас энэ жил 2­3 улсын цолтон төрж магадгүй. Түүний нэг нь хурц арслан Г.Өсөхбаяр. Өнгөрсөн жил Багануур дүүргийн баяр наадам түрүүлж хурц чимэг хүртсэн тэрбээр өөрийн давуу тал болох чацаа тун сайн ашиглаж барилддаг. 10 хоногийн дараа эхлэх наадмаар нэлээд дээгүүр барилдах магадлалтай. Дөрөв, тавын даваанд тунаж мэднэ.

Эдгээрээс гадна Булганы аймгийн арслан А.Сүмбээ, Дархан­Уулын С.Ерөөлт, Өвөрхангайн Б.Цэдэнсодном, Д.Цэвэлсодном, Ж.Наранбаатар, Дорноговийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Булганы хурц арслан Ө.Сүхбат, Дундговийн Т.Занданбат, Увсын Л.Цээсүрэн, Д.Тогтохжаргал, Баянхонгорын Б.Бат­Орших, Булганы Х.Цогтгэрэл зэрэг бөхчүүдийг улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэхэд буруудахгүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.