Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Тэгвэл тэдний нэг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг мэдээлэл хийлээ. Түүний хувьд ерөнхийлөгчийн зарилгаар сар хүрэхгүйн өмнө томилогдсон ч төд удалгүй мөн л ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрхээсээ түдгэлзжээ.
Ж.Оюунтунгалаг өөрийгөө ямар нэгэн байдлаар Асгатын мөнгөний ордоос авлига, хээл хахууль аваагүй гэж мэдэгдлээ. Түүний хувьд өөрийн хүсэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар бэлтгэж байсан ч өнгөрсөн Баасан/2019.06.28/ гаригт АТГ-аас гэрт нь нэгжлэг хийгээд ажлын цаг дууссан учир шалгуулах хүсэлтээ өгч чадаагүй ажээ.
Ж.Оюунтунгалаг шүүгч Япон улсад мэргэжил эзэмшсэн бөгөөд хууль, шүүгчээр ажиллах хугацаандаа нэг жилд 1200 гаруй шүүх хуралдаанд оролцдог байна. Тэрээр хууль, шүүхийн салбарт ажиллахадаа нэг ч удаа найраа хийж, авлига хээл хахууль авч, өгч байсангүй гэдгээ онцлоод энгийн ардын хүүхдийг ингэж хэлмэгдүүлж болохгүй гэдгийг хэллээ. Мөн энгийн ардын хүүхэд ерөнхий шүүгч хийж болохгүй юу гэдгийг эрх мэдэлтнүүдээс асууж байгаагаа хэллээ.