Үг бол хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл юм. Хүний сэтгэл зүрхэнд баяр баясал, уйтгар гуниг, аз жаргал, айдас түгшүүрийг бий болгож чадах хамгийн хүчтэй харилцааны хэрэгсэл юм. Харин хүлээн авч буй хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх, ямар сэтгэгдэл төрүүлэх вэ гэдэг нь үгийн сонголт болон илэрхийлж байгаа арга барилаас шалтгаалж болдог. Хэн нэгний чин сэтгэлийн ганц үгэнд сонссон хүнийхээ нэг өдөр, сар, цаашлаад нэг насны амьдралыг өөрчилж чадахуйц хүч оршин байдаг. Үүнийг Монголчууд бид “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” хэмээн зүйрлэдэг.
Судалгаагаар хүнд “Хайр”, “Энх тайван” гэх зэрэг сайхан үгс уншуулахад тархинд аз жаргалын даавар ялгарч байсан ба эерэг, таатай, цагаа олсон урмын үг сонссоноор хүний тархины танин мэдэх үйл ажиллагаа идэвхжиж, оюун ухааны хөгжил хурдтай явагдаж үүний нөлөөгөөр аливаа асуудлыг сайн талаас нь харах, хүлээцтэй байх, бусдыг энэрэх хайрлах чадвар нэмэгддэгийг тогтоожээ.
Харин эсрэгээрээ таагүй сэтгэгдэл төрүүлэм, хүйтэн хөндий үгсийг байнга сонссоноор биднийг таагүй зүйлээс хамгаалах тархины үйл ажиллагаа тасалдаж ядаргаа болон бухимдалд өртөмтгий, аз жаргал болон сэтгэл ханамжийг мэдрэх мэдрэмжээ бага багаар алддаг байна. Товчхондоо хатуу ширүүн үгс сонсох нь тархины хэвийн хөгжлийг алдагдуулж байдаг. Гэвч зарим тохиолдолд эелдэг зөөлөн үгсээр хүнд асуудлыг шийдвэрлэн сайн үр дүнд хүрэхэд хэцүү байдаг.
Бид хайртай хүмүүсийнхээ хэлэх сайхан үгээр дутаж, болгоомжгүй хэлсэн үгийг сэтгэлдээ тээн явах нь цөөнгүй. Ихэнх тохиолдолд хүүхэд насанд хэн нэгний хэлсэн үг мартагдахгүй байх нь элбэг. Энэ нь бидний бодол, үйлдэл, ирээдүйн сонголтод хүртэл сайн болон муу нөлөө үзүүлж байдаг.
Сайхан үгс хэлэх нь хэн нэгний сэтгэлийг тэтгэх хамгийн хялбар арга юм.