Урьд шөнө Бразилын домогт "Sepultura" хамтлагийн тоглолтыг үзлээ. Хүүхэд ахуй цагаасаа сонсож өссөн энэ агуу хамтлагийн тоглолтыг үзнэ гэж, бүр эх орондоо үзнэ гэж мөрөөдөж ч зүрхэлж байсангүй.
Тэд хийх ёстойгоо элдэв маяггүйгээр төгс гүйцэтгэлээ
Тоглолт ямар ч оршилгүйгээр шууд эхэлсэн юм. Тэдэнд халаалтын хамтлаг ч хэрэг байсангүй. Тоглолт өөрөө, тоглож буй хамтлаг нь ч өөрөө эхнээсээ "халуухан" байлаа. Энэ өдрүүдэд Монгол орон даяар "Гамшгийн өдрүүд нүүрлэж" архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглоод байгаа ч амьд хөгжим сонирхогчид "эрүүл доргиж" чаддаг гэдгээ, хөгжмийг мансуурахгүйгээр сонсдог гэдгээ харуулж чадлаа. Монгол сэтгэхүйгээр хэн нэгэн олны танил эрхэм тоглолтыг хөтөлж, тоглолтоо хийж буй уран бүтээлчийг магтаж, "Дуу бүтсэн түүх"-ийг уянгалуулах шаардлага энэ удаагийн тоглолтод байсангүй. Sepultura бол дэлхийн хамтлаг шүү дээ. Тэд ч "ширүүхэн" хоёр цаг яс тоглоод домогт "Roots Bloody Roots" дуугаараа тоглолтоо өндөрлүүллээ. "Үзэгч хөдөлмөрчдийн" хүсэлтээр дахин нэг дуу дуулах ч шаардлага тэдэнд байсангүй. Дахиулах шаардлагагүйгээр үзэгч, сонсогчдодоо сэтгэл ханамжийг бүрэн өгсөн тоглолтыг үзүүллээ.
Яаж шүүмжлэлгүйгээр өнгөрөөхөв гэсэн "Монгол сэтгэхүйгээр" хандахад хөгжмийн дуугаралт сэтгэл гонсойлгож байсныг хэлэхгүй өнгөрч болсонгүй.
Энэ дашрамд дэлхийн том хамтлагийг Монголдоо урьж авчирч үзэгч, сонсогчдоо баярлуулсан "Noise Metal Fest" наадмыг зохион байгуулагч У.Үнэнхүү танд монголын амьд хөгжим, ерөөс дэлхийн хөгжмийг мэдэрч ойлгож сонсдог сонсогчдынхоо өмнөөс талархал илэрхийлж буйг хүлээн авна уу.
Sepultura хамтлагийн тоглолтын хэсгээс /сонирхогчийн гар утасны бичлэг/