Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №482 Kelly Clarkson, ‘Since U Been Gone’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №482 Kelly Clarkson, ‘Since U Been Gone’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№482 Kelly Clarkson, ‘Since U Been Gone’

Олон жилийн хугацаанд дэлхий нийтийг байлдан дагуулсан "American Idol" буюу "Америкийн шүтээн" реалити шоуны анхны ялагч нь Келли Кларксон хэмээх 20 настай охин байлаа. Тэрээр ялагч болсноор "RCA Records" студитэй гэрээ байгуулах эрхтэй болсон нь хөгжмийн ертөнцийн үүдийг түүнд нээж өгсөн гэхэд болно. Келли Кларксоны анхны "Thankful" цомог нь 2003 онд худалдаанд гарсан даруйдаа Биллбордын жагсаалтыг тэргүүлж байлаа. Түүнийг зөвхөн америкт бус дэлхий нийтэд таниулах болсон "Since U Been Gone" болон "Because of You" синглүүд нь түүний 2004 онд гаргасан хоёрдахь цомог болох "Breakaway"-д багтсан байдаг. Уг цомог дэлхий даяар 12 сая борлогдон улмаар түүнийг Америкийн дуу бичлэгийн академийн Греммийн шагналын эзэн болгосон байна. 

Келли Кларксон дэлхий даяар 25 сая орчим цомог, 45 сая гаруй сингл борлуулж чадсан нь түүнийг Гремми шагналын эзэн, MTV Video Music Awards-д гурван ч удаагийн шагналын эзэн, American Music Awards-ийн дөрвөн удаагийн шагналын эзэн болгож байсан юм. 

Келли Кларксоны биеийн галбир жингийн тухай сүүлийн жилүүдэд түүний уран бүтээлээс ч илүү мэдээлсэн гэж хэлж болно. Тэрээр "Redbook" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би бусдаасаа жаахан махлаг хүүхэд байсан. Миний бодлоор мяраатай охидод нийгэм хэт шударга бус хандаж байна. Одоо би бусад хүмүүсийн хүсэлд тааруулж, таашаалд нийцүүлэх гэж өөрийгөө хүчлэхгүй, залхаж байна” гэж ярьжээ.


Since U Been Gone

Анх энэ дууг зохиогч Макс Мартин нь дуугаа алдарт дуучин Пинк-д зориулан бичсэн боловч эцэстээ Келли Кларксоноор дуулуулах болсон байна. Дууны зохиогчийн сонголт мэргэн байлаа. Энэ дуу гарсан даруйдаа хөгжмийн ертөнцөд "өөр нэгэн" Келли Кларксоныг таниулаад зогсохгүй ихэнх шилдгүүдийн жагсаалтуудыг тасралтгүй тэргүүлээд эхэлсэн байдаг. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл