Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит II хуралдаан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Улс төр 1501

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит II хуралдаан

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан цахимаар явагдаж байна. Үдээс хойших хуралдааныг энд дарж танилцана уу. 
Хуралдаанаар:
1. Нийслэлийн хэмжээнд Коронавируст халдвар (COVID-19) –ын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл танилцуулга
2. “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төслийн тухай
3. “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл”-ийн тухай
4. Нийслэлийн 2021 оны төсөв батлах тухай
5. Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай
6. Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай гэх мэт зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит II хуралдаанд нийт 45 төлөөлөгчөөс 19 нь онлайнаар, 7 хүрэлцэн ирж оролцож байна.
Нийслэлийн хэмжээнд Ковид-19 халдварын эсрэг зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
Коронавирусийн халдвар авсан ойрын болон дан хавьтагч нийт 7200 гаруй хүнд шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1536 иргэн байна. Хязгаарлалтын хүрээнд хотоос гарах, орох хөдөлгөөнийг хязгаарласан. Энэ хугацаанд 1900 гаруй тээврийн хэрэгсэл, 40 гаруй мянган иргэнийг нэвтрүүлсэн. Нийтийн тээврийн 94 чиглэлд 1 сая 182 мянган зорчигчийг тээвэрлэсэн. Халдвар илэрсэн газруудад 1 сая 700 гаруй мкв талбайд ариутгал хийлээ.

Өдөрт 400-500 мянган тээврийн хэрэгсэл зорчдог байсан бол хязгаарлалт тогтоосноор 41 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, 70 гаруй хувиар бууруулсан. Долоон дүүрэгт 497 мянган тонн нөөцийн мах борлуулсан. 8000 гаруй иргэдэд сайжруулсан түлш тараасан гэв. 

НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа:
-Ковид-19 дотоодод халдвар гарлаа гэхэд бэлэн байдлаа хэрхэн хангаж ажилласан юм бэ? Өнөөдрийн байдлаар бэлэн биш харагдаж байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хэдэн аж ахуйн нэгж зогсоод байна вэ? Нийслэл хэд хоногийн хөл хориг даах чадалтай байна вэ?

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:

-Сүүлийн 10 сарын хугацаанд дотооддоо алдахгүйгээр эх оронч худалдан авалт хийх шийдвэр гаргаад явж байсан. Бэлэн байдлын зэргийг сулруулж, гэрийн 14 дэглэмийг больсон байгаа. Үүнээс болж дотоодод халдвар алдсан хэмээн холбогдох байгууллага үзсэн. Эдийн засагтай холбоотой асуудал гарч ирнэ. МҮХАҮТ хоёр ч удаа дараалан уулзаж байхад аж ахуйн нэгж хүнд байдалд байна гэсэн. Өчигдөр онлайнаар хуралдахад нийт 3530 аж ахуйн нэгжээс судалгаа авахад 96 хувь нь хүнд нөхцөлд ороод буйгаа илэрхийлсэн. Нийслэлийн хэмжээнд нийт 126 мянган жижиг, дунд аж ахуйн нэгж ажилладаг гэсэн тооцоо байдаг.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан:

-Түүхэндээ анх удаа бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж эхэлж байна. Өмнө нь хэрхэн ажилласан талаараа НОК-оос мэдээлэл авч мэдээлсэн нь дээр байх.
НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа:
-Сонгуульд явчихаад хуралд суух хүн байхгүй гээд зарим хүмүүст хариуцлага тооцсон. Гэтэл орон нутаг, улс төрийн сонгууль гээд анхаарлаа сулруулаад ажлаа гүйцэд хийж чадаагүй. Хариуцлагагүй байсан эсэхээ олон нийтэд мэдээлэх хэрэгтэй.
НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр:

-МҮХАҮТ мэдээллийг сонсоход аж ахуйн нэгжүүдийн 70 хувь нь цалингаа өгч чадаагүй байна гэсэн. QR кодыг хэрхэн олгож байгаа вэ? Махны нийлүүлэлт хэрхэн явагдаж байна? Онлайн худалдаа, түгээлтийг дэмжих хэрэгтэй байна. Түгээлтийг зөвшөөрөхгүй байна гэх гомдол ирж байна. Нийслэлийн Засаг дарга энэ хугацаанд ямар алдаа гаргав. Алдаагаа хэрхэн засахаар ажилласан бэ?

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:

-Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг төрөөс дэмжих хэрэгтэй. Тогтвортой ажлын байрыг хадгалах талаар төрөөс арга хэмжээ аваагүй ээ. Төрөөс одооноос дээрх аж ахуйн нэгжийг дэмжих хэрэгтэй. Судалгаанд оролцсон 3500 гаруй аж ахуйн нэгжийн 5600 орчим иргэдийг ажлын байр хүндрэх, 258 тэрбум төгрөгийн асуудал үүсэж байгаа юм.

Нийслэлийн зүгээс аж ахуйн нэгжээ дэмжих талаар тодорхой ажил хийсэн. Өнгөрсөн 10 сарын хугацаанд өдөр тутмын бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байж байтал өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр дотоодод халдвар алдсан. Өнөөдөр бид бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд орлоготой байж иргэд ажилтай байна. Энэ ч үүднээс аж ахуйн нэгжүүдээ дэмжих ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Бодлогоо боловсруулан танилцуулна.

Түүнчлэн дүүргүүд эрсдэлийн үнэлгээгээ гарган хэрхэн ажиллах талаар ойрын хоногт УОК-т танилцуулна. Зарим арга хэмжээнд алдаа гаргаж байгааг үгүйсгэхгүй ээ. Нэг талаас авууштай зүйл гэвэл хотод шинээр халдварын голомт бүртгэгдээгүй. Ойрын хавьтагч нарыг тогтоон тусгаарласан. Махны нийлүүлэлт хэвийн үнийн хөөрөгдөл болоогүй. Хөдөө, орон нутгаас тогтмол хугацаанд нийлүүлэлт хийгдэж байгаа. Онлайн түгээлт буюу худалдан авалт дээр онцгой анхаарч ажиллаж байгаа.

12 сарын 1-ээс хойш эдийн засгийн зөөлрүүлэх бодлого барих болно. Миний хувьд алдаа гаргасан бол иргэдээсээ уучлал хүсье. Хатуу хөл хорионы дэглэм бариагүй бол дотооддоо халдвар алдах эрсдэлтэй байсан. Мэдээж авсан арга хэмжээ иргэдийг бухимдуулсан, аж ахуйн нэгжид хүндрэл учруулсан зүйл байсан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр гурван захирамжийг нийслэлээс гаргасан.

НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр:

-16 байгууллагын аж ахуйн нэгжийн 17 мянган автомашинд QR код олгоод байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хүргэлтийн үйлчилгээгээр дамжуулан халдвар тараах эрсдэлтэй гэж УОК-оос үзэж байгаа. Харин такси үйлчилгээ, дэлгүүрийн түгээлт дээр анхаарахаар ажиллаж байна.

НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга:

-Анхандаа гаргасан шийдвэр иргэдийг бухимдуулсан. Гэхдээ шийдвэрээ эргэн харж ажиллаж байна. Иргэдэд хэрхэн халдварын үед бусдад зай барих, амны хаалт хэрэглэх. Ковидтой үед цаашид хэрхэн амьдрах талаар иргэдэд мэдээлэл өгмөөр байна. Цаашид хэрхэн ажиллах талаар бодлого, мэдээллийг иргэдэд хугацаатай өгмөөр байна.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:

-Бидэнд бодлого байхгүй биш байгаа. Хямралын эсрэг бизнесийн зөвлөл байгуулсан. Иргэдийн хувьд өдөр тутмын бэлэн байдлын зэргээр цаашид явъя гэдэг байр суурьтай байгаа. Бид ч гэсэн энэ дагуу үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй талаар байр суурьтай байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, өдөр тутмын бэлэн байдлын зэрэг руу шат дараатай шилжих хэрэгтэй. Үүний тулд иргэд аж ахуйн нэгж заасан үүрэг, чиглэлийн дагуу ажиллах хэрэгтэй. Олон улсад ч гэсэн шат дараатай бэлэн байдлын зэргээр бууруулж, эдийн засгаа дэмжиж байгаа. Бид ч гэсэн энэ дагуу ажиллана. Харин цаг хугацаа, судалгааны ажлуудыг цэгцлэн нэгдсэн шийдвэр гаргахаар ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:

-Цаашид хөл хориог сулруулахад нийслэл бэлэн үү гэдэгт ерөнхий зураглалыг хэд хэдэн хувилбар гаргасан. Үүнийг УОК танилцуулна. Тэгэхгүй бол одоо ийм тийм зураглал гаргасан гэж хэлэх нь зохимжгүй.

НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн:

-НЗД-ын дэргэд байгуулагдсан ажлын хэсэг дөрөв хонож байна. Мэдээж хугацаа, эрсдэлээ үнэлж байна. Хэрхэн ковидтой зэрэгцэн амьдрах төлөвлөгөө гарган ажиллаж байна? Иргэдийн ухамсар, оролцоо, хариуцлага хамгийн их хэрэгтэй байна. Иргэд харин үүнд бэлэн үү гэдэг асуудал үүсээд байна.

НИТХ-ын төлөөлөгч Т.Тулгат:

-МҮХАҮТ-аас гаргасан шийдвэрээс гадна Нийслэлээс хийсэн судалгаа байна уу. Иргэд хаанаас мэдээлэл, шийдвэрийг авах вэ?

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:

-УОК-оос нэг шугамаар мэдээлэл өгнө гэсэн. Энэ дагуу ажиллаж байгаа. УОК шийдвэр гарч хөл хорио тогтоох үед автомашины хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар шийдвэр гараагүй байсан. Ингээд цагдаа нар зохицуулалт хийж чадахгүй байгаа тул тусгай зөвшөөрөл өгөх санал гарсан. Гэвч тухайн үед хуурамчаар үйлдэх асуудал гарсан. Ингээд түгээлтийн 10 гаруй мянган машин, 16 аж ахуйн нэгжийн 20 гаруй мянган машин явах болсон. Ингээд хөдөлгөөнийг бууруулах чиглэлээр шөнийн түгээлт хийсэн. 60 гаруй хувьтай амжилттай хэрэгжсэн. Энэ асуудал учир дутагдал байна гэсний дагуу QR код руу шилжсэн. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаараад арга хэмжээ авч байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Мэдээж хөл хорионоос өмнө өдрийн хоолоо залгуулдаг иргэдийн амьдрал зогссон нь үнэн. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар арга хэмжээ авна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:

-Өчигдөр 20 чиглэлийн дагуу 6588 аж ахуйн нэгж үйл ажиллагаа нээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тухайн аж ахуйн нэгж агааржуулалт, зай талбай барих, ариутгал халдваргүйжүүлэх, амны хаалт зүүлгэх гэсэн дөрвөн үндсэн зүйл дээр аль аль шатандаа анхааръя.

“Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” дунд, богино хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050”, 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэн, тэдгээрт тусгасан зорилт, арга хэмжээг нийслэлийн түвшинд хэрэгжүүлэхэд чиглэсэн, орон нутгийн онцлогийг харгалзан нарийвчлан, төлөвлөн, боловсруулаад байна.
“Нийслэлийг 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөл нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, засаглал, Ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй байхаар боловсруулсан.
“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөл нь Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 6 бүлэгтэй байхаар боловсрууллаа хэмээн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцууллаа.

НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн: 
-Төлөвлөгөө гэдэг хугацаатай, зорилготой эрсдэлээ үнэлсэн байх ёстой. Бид цар тахалтай хэрхэн зэрэгцэн амьдрах вэ гэдэг төлөвлөгөө гарч ирж байна. Өдөр тутмын бэлэн байдалд бид хэрхэн зохицож ажлаа хийх вэ, дунд хугацааны бодлогод эдийн засаг, нийгмийн бодлогыг хэрхэн авч явах ёстой, урт хугацааны бодлогыг яаж харах вэ гэх мэт.
Монгол улсын хүн амын 96 хувь нь хавсарсан өвчтэй гэх судалгаа байна. Тэгэхээр коронавирусийн халдвараар 96 хувь нь өвчлөх магадлалтай гэсэн судалгааг эрдэмтэд танилцуулж байна.
Гэнэтийн эрсдэл үүсвэл ямар арга хэмжээ авахаар ажиллаж байна? Цар тахлын энэ үед хүн бүр ухамсартай байх хэрэгтэй. Ялангуяа нийслэлчүүд. Засгийн газрын хариуцлага биш хүн бүрийн хариуцлагын тухай яригдаж байгааг та бүхэн ойлгоосой гэж хүсмээр байна. 

Үдээс хойших хуралдаанаар Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны төслийг хэлэлцэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх