ТАНИЛЦ: УИХ дахь дэд хороод ямар үүрэгтэй ажиллах вэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Видео мэдээ 1160

ТАНИЛЦ: УИХ дахь дэд хороод ямар үүрэгтэй ажиллах вэ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар УИХ дахь Байнгын хорооны дэргэд "Дэд хороо" байгуулах бөгөөд тухайн дэд хороодын үүрэг чиглэлийг танилцуулж байна

Байнгын хорооны бүрэлдэхүүнд дараах дэд хороог байгуулж болно.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын дэд хороо байгуулна. Уг дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг хариуцна. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо байгуулна. Уг дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хариуцна. 

Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн дэд хороо байгуулна. Уг дэд хороо нь гишүүний ёс зүй, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэгийг сахиулах асуудлыг хариуцна. 

Төрийн байгуулалтын байнгын хороонд Нутгийн удирдлагын дэд хороо байгуулна. Уг дэд хороо нь нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн удирдлагын байгууллагын төлөвшил, хөгжил, удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хариуцна. 

Төрийн байгуулалтын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо байгуулна. Уг дэд хороо нь Улсын Их Хурал, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг хариуцна. 

Төрийн байгуулалтын байнгын хороонд Сонгогчийн нэрсийн жагсаалтын дэд хороо байгуулна. Уг дэд хороо нь сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хариуцна. 

Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо байгуулна. Уг дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг хариуцна. Мөн  өөрийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулна.

Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн дэд хороо байгуулна. Уг дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг.

Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо байгуулна.Уг дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг хариуцна. 

Эдийн засгийн байнгын хороонд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо байгуулна. Уг дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусган хэрэгжүүлэх асуудлыг хариуцна. 

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна.

Дэд хороо харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй

 

Дэд хороо тухайн эрхэлсэн асуудлаараа хяналт шалгалт, судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж харьяалах Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэй.

Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно

Ёс зүйн болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороодоос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүний тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн тооны хоёрны нэгээс илүүгүй байна.

Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно.

Дэд хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд түүнд дэд хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.

Дэд хороо асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргана. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо тухайн дэд хорооны нийт гишүүний олонхын саналаар шийдвэр гаргана.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх