LIVE: Харанга хамтлаг 30 жилийнхээ ойд зориулсан “Замд гаръя” тоглолтоо хийнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Соёл урлаг, Видео мэдээ 3041

LIVE: Харанга хамтлаг 30 жилийнхээ ойд зориулсан “Замд гаръя” тоглолтоо хийнэ

 

Монгол Улсын рок хөгжмийн амьд домог "Харанга" хамтлагийн 30 жилийн ой удахгүй болно. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан "Харанга 30 жил - Замд гаръя..." тоглолтыг аравдугаар сарын 19-ний өдөр 15.00 цагаас Буянт-Ухаа спорт цогцолборт хийх байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Харанга хамтлагийн тоглолтод Монголын орчин үеийн шилдэг хамтлаг дуучид болох Хурд, Нисванис, Маdness, Fire, The lemons, A sound, Rec on, Lumino, Чингис хааны Жагаа, Б.Батчулуун, Өөжгий, Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Наран, Б.Чойжоо, Альтернатив Отгоо, Кивигийн Ука, Реппер Жий зэрэг шилдгүүд оролцож ая дуугаа өргөх юм байна.

Харанга хамтлаг тэгш ойгоо угтан 1997 онд гаргасан “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 оны “Бодлын тэнгис”, 2003 оны “Ертөнцийн өнгө” цомгоо дахин хэвлүүлж, сонсогчдодоо хүргэнэ. Мөн 30 жилийнхээ ойд зориулаэ шинэ уран бүтээлээс бүрдсэн цомог гаргахын зэрэгцээ баримтат нэвтрүүлэг, реалити нэвтрүүлэг, “VOLUME 1” пянз гаргахаар болжээ.

Харанга хамтлагийн ахлагч Ц.Энхманлай:

-Ардчиллын салхи сэвэлзэж байсан тэртээх 1989 оноос хойш 30 жил өнгөрчээ. Бидний 30 жилийн ой бол дан ганц Харангын баяр бус, Харангыг сонсдог сонсогчдын ч бас баяр. Анхныхаа бүрэлдэхүүнээр 30 жил оршин тогтносон хамтлаг дэлхий дахин гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Манай 30 жилийн ой тоглолтод маш олон байгууллага идэвх зүтгэлтэй дэмжин оролцож байгаад баярлаж талархсанаа илэрхийлье.

Харанга хамтлагийн дуучин Ц.Чулуунбат:

-Монголыг нэг гэр бүл гэж авч үзвэл гурван үеэрээ Харангыг сонсдог гэх мэдээлэл байдаг. Үүнийг ч бид амьдралаас мэдэрдэг. Энэ баяр бол бид бүгдийн нийт монголчуудын баяр учраас баяраа хамтаараа тэмдэглэнэ. Ой тоглолтоо Буянт-Ухаа цогцолборт ганцхан удаа хийнэ. Харангыг ямар дууг хэн яаж дуулах нь нууц хэвээрээ үлдэг. Харангын фен клубын гишүүдийн саналд үндэслэн, тоглолтын хөтөлбөрөө боловсруулсан. Тоглолт маш эрт эхлэх учраас та бүхэн хоол идэж, амарч, Харангын тоглолтод зориулсан пянз, CD цомог, бусад эд зүйлсийг худалдан авах боломжтой. Тоглолтод зориулан хотын төвөөс Харангын логотой 10 том оврын автобусыг хотын төвөөс Буянт-Ухаа цогцолбор руу өдрийн 12.00-24:00 цагийн хооронд аялуулна. Харангын тоглолтын тасалбартай хэн бүхэн тэр автобусаар үнэгүй үйлчлүүлэх боломжтой.

Зураач СГЗ С.Цогтбаяр:

-Би Харанга хамтлагийг сонсдог олон мянган фенүүдийнх нь төлөөлөл. Харанга хамтлагийн 30 жилийн болж байна. Энэ бол нийгмийн ч тэр хүний амьдралд ч тэр маш урт хугацаа. Харанга бол амьд домог. Нийгмээ өөрчлөх ардчиллын салхи сэвэлзэхэд, нийгмийн оюун санааны өөрчлөлтөд Харанга томоохон үүрэг гүйцэтгэсэн. Харангын дууны өнгө, ая, хэмнэл үнэхээр том нөлөө үзүүлсэн. Армийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дэргэд Соёмбо хамтлаг 1978 онд байгуулагдсан. Энэ хамтлаг нь Харангын суурь болсон юм. Харанга хамтлаг олон анхны гэсэн амжилтыг эзэмшдэг. Дэлхийн стандарт нийцсэн анхны цомог, анхны видео клипийг Харанга л хийж байлаа. Алдар хүндээ алдахгүйгээр 30 жилийн турш тэсэж чадна гэдэг бол маш их авьяас хөдөлмөр, Аса аваргын хэлснээр алаан байхгүй юу. Ард түмний хайртай энэ хамтлаг маань удахгүй рок попынхны чуулсан асар том тоглолтоо хийх гэж байна. Харанга хамтлагийнхны тоглож байсан гитар, эд хэрэглэл, цомгийн үзэсгэлэнг бас та бүхэндээ хүргэнэ.

Скин энтертайментын найруулагч н.Анар:

-Энэ тоглолтын бэлтгэл хагас жилийн өмнөөс яригдаж, тоглолтын бэлтгэл нь хийгдэж эхэлсэн. Үзэгчдэдээ зориулсан шинэ пянз гаргаж байгаа. Тоглолтын шийдлийг өвөрмөц хийхээр ажиллаж байна. Харангын имижид шинэчлэл хийхээр ярьж өөрчлөлт оруулж байгаа.

Харанга хамтлагийн дуучин Ц.Чулуунбат:

-Гучин жилийн өмнө Гэгээрлийн яамны коллеги манай тоглолтыг урьдчилж үзээд "Нийтэд тоглуулах уу, үгүй юу" гэдгийг шийдэхээр хэлэлцэж байх үед урт үстэй, савхи өмссөн, барууны үзэл суртал ханхалсан энэ тоглолтыг тоглуулахгүй байя гэдэг асуудлыг ихээр ярьсан. Тэр үед яруу найрагч СГЗ Э.Оюун гуай,

Өө ай даа хүний амьдрал
Эгэл жирийн боловч
Энэхэн биедээ багтхааргүй
Их хүслийн далай юм даа... ямар сайхан үгтэй дуу вэ, тоглуулъя гэдэг санал гаргасны дагуу манай тоглолт тоглогдож байсан. Тэр Э.Оюун гэдэг хүний ач хүү нь манай тоглолтын найруулгыг хийж байгаа нь хувь тохиол юм.

Харанга хамтлагийн тасалбарыг ticket.mn сайтыг ашиглан дэлхийн хаанаас ч захиалж, хүргүүлэн авах боломжтой. Тоглолтын тасалбар суудал, байршлаасаа шалтгаалан 30,000, 40,000, 60,000 төгрөгийн үнэтэйгээр зарагдаж байгаа. Тоглолтын дуугаралт бүх үзэгчдэд чанарын асар өндөр түвшинд хүрнэ. Мөн лед дэлгэцүүд тавих учраас бүх үзэгч яг хажуугаас нь үзэж байгаа мэт амьдаар үзэх боломжтой. Харангын тоглолтыг дэлхийн стандартад нийцүүлэн асар өндөр төвшинд хүргэхээр ажиллаж байна.

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    жил бүр л 30 жилийн ой хийж байхын нэг газар зогсоцымуу

Сэтгэгдэл үлдээх