Монгол улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн тэмцээнийг угтаж УАШТ-ний сонирхолтой статистик мэдээллийг цувралаар хүргэж байна.
Манай улсад чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсанзундуйн Нямын үүсгэн байгуулсан “Мөнхжин” клубийн нэрэмжит болгон 1999 оны гуравдугаар сарын 12-14-нд зохион байгуулж байв. УАШТ-ий анхны аваргаар 40 кг-ын жинд М.Бумцолмон (Мөнхжин), 44 кг-д Ц.Отгончимэг (Чингэлтэй дүүрэг), 47 кг-д Ж.Гантуяа (Мөнхжин), 50 кг-д М.Батдэлгэр (Мөнхжин), 53 кг-д С.Бадамцэцэг (Хангай), 57 кг-д Л.Отгонцэцэг (Хангай), 61 кг-д С.Булгантамир (Хангай), 65 кг-д Д.Батцэцэг (Бөхийн дээд сургууль), 70 кг-д О.Мягмарсүрэн (НИК), 75 кг-д Д.Номинчулуун (ХОТШ) тодорсон. Үүнээс хойш эмэгтэй бөхчүүд 17 жил дараалан шилдгүүдээ тодруулжээ.
Бүсгүйчүүдээс нийт 54 тамирчин улсын аваргын алдрыг хүртсэн бөгөөд ОУХМ Б.Одончимэг хамгийн олон удаа буюу 11, гавьяат тамирчин Ц.Энхжаргал 10 удаа түрүүлжээ. Харин Азийн анхны эмэгтэй аварга ОУХМ Н.Отгонжаргал найм, гавьяат тамирчин О.Бурмаа, О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг долоо, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ОУХМ О.Мягмарсүрэн зургаа, ОУХМ Д.Баасанжаргал таван удаа улсын аваргыг алдрыг хүртэж байв. Дөрвөн удаа тав, гурван удаа дөрөв, хоёр удаа ес, нэг удаа аваргалсан 27 тамирчин бий.
Эмэгтэй бөхчүүдээс эгч дүү бөхчүүд улсын аварга болсон тохиолдол ганцхан байдаг нь Очирбатын Мягмарсүрэн, Насанбурмаа нар юм. Дүү нь долоон удаа, эгч нь зургаан удаа Монгол Улсын аваргаар тодорч байв. Сонирхуулахад, 2005 оны УАШТ-д О.Мягмарсүрэн 67 кг-д сүүлийн түрүүгээ авч байсан бол дүү О.Насанбурмаа 16 настайдаа доод жинд анхны алтан медалиа хүртсэн. О.Насанбурмаагийн хамгийн залуудаа түрүүлсэн амжилтыг эвдэхэд бэрх. Эрэгтэйчүүдийн улсын аваргаар зургаан удаа тодорч, Азийн АШТ-д гурван удаа финалдсан ОУХМ Чагнаадоржийн Ганзориг дүү охин Ч.Нарангаравтайгаа хамт 2008 оны МБАТС-аар аварга болж байв. ОУХМ Найдангийн Отгонжаргал найман удаа улсын аварга болохдоо долоод нь (2002-2008) завсаргүй түрүүлжээ.
2011 онд УАШТ-ийг “Монголиа Опен”-той хамтатган зохион байгуулсан бөгөөд манайхаас гавьяат тамирчин Ц.Энхжаргал, Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа нар аваргалж, үлдсэн жинд гаднынханд түрүүгээ алдсан юм. Тухайн жил дэлхийн эмэгтэй бөхийн өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж байгаа олимп, дэлхийн аварга Хелен Марулис, Наталья Воробьева, дэлхийн дөрвөн удаагийн удаагийн аварга Аделин Грей нар Улаанбаатарын дэвжээнд өнгөлж байв.
ямар хачин мэдээ вэ