Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ ээлжит цуврал тэмцээний нэг болох Хөх хотын гран при тэмцээн Өвөрмонголын Хөх хотноо явагдаж дууслаа. Уг тэмцээнд одоогийн байдлаар 43 орны 301 жүдоч барилдсан ба манай улсын хувьд Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр, Д.Сумьяа тэргүүтэй эрэгтэй 12, эмэгтэй 11 нийт 23 бөх барилдлаа.
Манай сайт уламжлал ёсоор медаль хүртсэн бөхчүүдийнхээ барилдааны бичлэгийг цувралаар хүргэж байна.
Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэй -48кг, -52кг, -57кг жингүүдийн барилдаан явагдаж манай бөхчүүдээс -66кг жинд барилдсан Ё.Басхүү дараах барилдаануудыг хийж хүрэл медаль хүртсэн юм.
Тэрээр С хэсгийн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Х.Зияангтай барилдан ваза-ари үнэлгээгээр яллаа.
Хэсгийн аваргын төлөө Францын Ж.Даниелтэй барилдан ялагдаж дагах барилдаан хийхээр болсон юм.
Дагах барилдаанд Азербейжаны И.Исмайелтай барилдан торгуулиар цэвэр ялсан байна.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын А.Абдулатай барилдан мөн торгуулиар цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү Ё.Басхүү он гарсаар дөрөв дэх олон улсын тэмцээнээсээ /Дюселдорф их дуулга, Ази тивийн аварга, Бакугийн их дуулга, Хөххотын гран при/ хүрэл медаль хүртлээ. Тэрээр Хөххотын гран прид урьд өмнө нь огт барилдаж байгаагүй бөхчүүдтэйгээ хүч үзсэн юм.