Жүдо бөхийн Бакугийн их дуулга тэмцээн өчигдөр Азербайжан улсын нийслэл Баку хотноо албан ёсоор эхэллээ. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдсан ба манай улсаас Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй долоон бөх барилдлаа.
Манай сайт их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлэхээс гадна медаль хүртсэн тамирчдынхаа барилдааны бичлэгүүдийг түүвэрлэн толилуулдаг уламжлалынхаа дагуу эрэгтэйчүүдийн -66кг жинд урамтай сайхан барилдаж хүрэл медаль хүртсэн Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг толилуулсан билээ. Түүний барилдаануудыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Харин одоо өдгөө 32 настай дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Д.Амартүвшингийн барилдаануудыг түүвэрлэн хүргэж байна.
Тэрээр эрэгтэйчүүдийн -60кг жинг тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Туркменистан улсын жүдоч Ж.Хакбердитэй барилдан торгуулиар цэвэр ялсан юм.
Хэсгийн аваргын төлөө Болгарын жүдоч Г.Яниславтай барилдан мөн торгуулиар цэвэр ялсан.
Хагас шигшээд Гүржийн алдарт Н.Темуртай барилдан ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Хүрэл медалийн төлөө Францийн Х.Валидетэй барилдан ваза-ари үнэлгээгээр ялж энэ он гарсаар хоёр дахь их дуулга тэмцээнээсээ хүрэл медаль хүртлээ.