Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Си Ань хотод өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.
Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ийн жингийн барилдаан явагдлаа. Яг одоо дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаанууд явагдана.
Ази тивийн аваргын эхний өдөр манай улсаас 97 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул ганцаараа шигшээд шалгарлаа.
Эхний өдөр манай бөхчүүд хэрхэн барилдсаныг хүргэе.
- 57 кг: Залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алтан медальт, ОУХМ Н.Насанбуян 2018 оны Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт 1/4 шигшээд Узбекистаны Махмуджон Шавкатовт 2:7-гоор ялагдав. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд Ираны Реза Атрид 1:2-оор дийлдсэнээр дагах барилдаан гарсангүй.
- 65 кг: 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Тулга тэгшитгэлийн барилдаанд Японы Коки Шимизүд 4:4-өөр ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв. Түүний өрсөлдөгч удаах даваанд Узбекистаны Сиродиддин Хасановт 0:4-өөр дийлджээ.
- 79 кг: “Монголиа Опен” ОУТ-ий мөнгөн медальт, спортын мастер Д.Төгс-Эрдэнэ Энэтхэгийн Парвеен Ранад 2:6-гаар ялагдсан. Түүний өрсөлдөгч нь Япон, Казахстаны бөхчүүдийг ялж шигшээд шалгарснаар Д.Төгс-Эрдэнэд дагах барилдаан гарсан. Дагах барилдаанд Японы Юта Абэд 2:12-оор ялагдлаа.
- 70 кг: Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Э.Тэмүүлэн 1/8 шигшээд “Рио-2016” олимпынн наадмын хүрэл, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Ихтиор Наврузовыг оноогоор цэвэр ялж (10:0) ялсан ч шөвгийн наймд Ираны Йонес Эмамичогайд 2:12-оор ялагдав. Ираны бөх хагас шигшээд Казахстаны Нуркойза Кайпановт дийлджээ.
- 97 кг: “Монголиа Опен” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМ Ө.Батзул 1/4 шигшээд Энэтхэгийн Сативарт Кадианыг 7:2-оор, хагас шигшээд эзэн орны Гао Хаобинийг 10:0-ээр тус тус яллаа. Ингэснээр тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Ираны алдарт бөх Реза Язданитай алтан медалийн төлөө барилдана.
Setgel ondor bn