Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээн өнөөдөр эхлэнэ. Турк улсын Анталия хотноо тэмцээнд энэ жил 76 орны 485 тамирчин оролцохоор болсон байна. Манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 тамирчин оролцох юм.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас найман бөх барилдана.
Эмэгтэйчүүдийн -48кг жингийн В хэсэгт Б.Ойдовчимэд эхний тойрогт Словэйний Маруса Стангартай барилдах бол D хэсэгт О.Дуламжав эхний тойрогт Тайваний Лин Чен Хаотай барилдах оноолт гарчээ.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг өөрийн үндсэн жингийнхээ дээд жинд оролцож байгаа ба А хэсэгт эхний барилдаанаа Финландын Катри Каккотой барилдах оноолттой байх ба С хэсэгт Б.Хорлоодой эхний тойрогт Туркын Дамла Калискантай барилдах оноолт гарлаа.
Эмэгтэйчүүдийн -57кг жингийн В хэсэгт Б.Алтанцэцэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Болгар жүдоч Ивелина Илиеватай барилдах оноолт гарлаа.
Эрэгтэйчүүдийн -60кг жингийн В хэсгийг дэлхийн аварга МУГТ Г.Болдбаатар тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Туркын Самет Кумтастай барилдах оноолт гарчээ.
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн В хэсгийг Д.Алтансүх, D хэсгийг Г.Хэрлэн нар тэргүүлэн барилдах тул эхний тойрогт тус тус гоц мөргөсөн байна.
Тэмцээний хуваарь:
Дөрөвдүгээр сарын 5 өдөр
15:00 цагаас эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн урьдчилсан барилдаанууд.
22:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан.
Дөрөвдүгээр сарын 6 өдөр:
15:00 цагаас эмэгтэйчүүдийн 63кг, 70кг, эрэгтэйчүүдийн 73кг, 81кг жингийн урьдчилсан барилдаанууд.
22:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан.
Дөрөвдүгээр сарын 7 өдөр:
15:00 цагаас эмэгтэйчүүдийн -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн 90кг, -100кг, +100кг жингийн урьдчилсан барилдаанууд.
22:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан.
2018 оны Анталия гран при тэмцээний шилдэг савалтуудын түүвэр бичлэгийг толилуулж байна.