Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өчигдөр эхэлж хөнгөн жингийн барилдаанууд явагдлаа. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцож байгаа юм. Монголын баг тамирчдын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Өнөөдөр манайхаас долоон бөх барилдаж МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, МУГТ Г.Болдбаатар, Б.Хорлоодой нар шагналт тавдугаар байр, Д.Алтансүх шагналт долоодугаар байрт орлоо. Ийнхүү манай улс тэмцээний эхний өдрийн дараах байдлаар медалийн чанараар 52 орноос наймдугаар байрт жагсаж байна.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг өчигдөр дараах барилдаануудыг хийж хүрэл медаль хүртлээ.
- Жингээ тэргүүлж буй тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Сербийн Андреа Стожадиновтой барилдан цэвэр ялсан
- Хэсгийн аваргын төлөө Бразилын Бригида Наталиатай барилдан мөн цэвэр ялсан.
- Хагас шигшээд Францын Милани Клементтэй барилдан торгуулиар ялагдсан.
Хүрэл медалийн төлөө Францын Бландине Понттой барилдан мөн цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.