Өнгөрөгч амралтын өдрүүдэд (гуравдугаар сарын 15-17 өдрүүдэд) ОХУ-ын Екатерингбург хотноо жүдо бөхийн ээлжит их дуулга тэмцээн болж өнгөрлөө. Энэхүү их дуулга тэмцээнд 47 орны 353 жүдоч хурд хүчээ сорьсноос манай улсаас 20 шинэ залуу болон хашир туршлагатай жүдочид оролцсон юм.
Монгол улсын баг тамирчид тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Л.Өнөболд алтан медаль хүртсэн бол хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдаж буй Б.Ганхайч хүрэл медаль, гурав дахь өдөр нь эрэгтэйчүүдийн -100кг жинд барилдсан Л.Отгонбаатар шагналт тавдугаар байр эзэлсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ. Энэ удаагийн их дуулга тэмцээнд оролцсон 47 орноос медалийн чанараараа Монгол улсын баг тамирчид наймдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Медалийн чансаагаар тэмцээнийг зохион байгуулагч ОХУ гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, 13 шагналт байр эзэлсэн амжилтаар тэргүүллээ.
Жүдо бөхийн дараагийн томоохон тэмцээн болох Тбилисын гран при тэмцээн энэ сарын 29-31 өдрүүдэд Гүрж улсын Тбилис хотноо зохион байгуулагдана. Манай сайт уламжлал ёсоор уг тэмцээнийг шууд дамжуулахаар ажиллаж буйгаа дуулгахад таатай байна.
Жүдо бөхийн Екатеринбургийн их дуулга тэмцээний эхний өдрийн шилдэг цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг толилуулж байна.