Өнөөдөр Европын жүдо бөхийн холбоо, Чехийн жүдо бөхийн холбоо хамтран "Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн" Чех улсын Параг хотноо зохион байгуулж байна. Өнгөрсөн жил Чех улсад эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн явагдаж манайхнаас -73кг жинд Н.Хадбаатар ганцаараа оролцсон байдаг. Энэ удаагийн тэмцээнд 31 орны 187 хүчирхэг эмэгтэй жүдочид оролцох бол Монгол улсаа төлөөлөн өнгөрөгч Дюселдорфийн их дуулга тэмцээнд урамтай сайхан барилдаж мөнгөн медаль хүртсэн Л.Сосорбарам нарын зургаан жүдоч оролцохоор болжээ. Урьд шөнө тэмцээний сугалаа явагдсан ба манай бөхчүүд дараах оноолттой байна.
-52кг жинд: “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга, шилдэг жүдоч Л.Сосорбарам А хэсгийг, “Хилчин” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Б.Хорлоодой С хэсгийг тэргүүлэн барилдахаар болж эхний тойрогт хоёул гоц мөргөсөн байна.
-70кг жинд: “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Баасанжаргал эхний тойрогт Их Британы Ховелл Гемматай, Бага насны ази тивийн аваргын хүрэл медальт С.Лхагвадулам Германы Сара Маекелбургтэй барилдах оноолт гарчээ.
-78кг жинд: “Алдар” спорт хорооны тамирчин Ш.Сэржмядаг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Францийн Ванесса Дуреаутай барилдах оноолт гарчээ.
+78кг жинд: “Хилчин” спорт хорооны тамирчин, 2019 оны Монгол Улсын аварга Э.Гандиймаа эхний тойрогт мөн гоц мөргөж хоёрдугаар тойрогт Украйны Сапсай Анастасиятай барилдах оноолт гарчээ.
Тэмцээний хуваарийг энд дарж үзнэ үү.