Английн хөлбөмбөгийн Премиер лигийн тоглолтууд маш сонирхолтой өрнөж байна. Хүснэгтийг 69 оноотойгоор тэргүүлж буй Ливерпүүл клуб ээлжит нэгэн учраагаа илт илүүрхэн буулган авлаа. Тэд сүүлийн таван тоглолтдоо гурван ч тэнцээ аваад байгаа нь тэдний араас нэхэж буй Манчестер Ситид боломж үүсгэж байгаа юм. Харин Манчестер Сити клуб сүүлийн дөрвөн тоглолтоо ялалт байгуулсан нь тэдний боломжийг улам бүр нэмэгдүүлж байна. Тэднийг дараах тоглолтууд хүлээж байна.
Өнөөдөр та бүхэндээ Ливерпүүл клубын Ватфорд клубуудын хооронд өрнөсөн тоглолтын тоймыг хүргэхээр бэлтгэлээ. Хоёр клубын хувьд 1967 оноос хойш нийт 32 удаа хоорондоо учраа таарч байгаа ба Ливерпүүл клуб 23 удаад нь хожиж дөрвөн удаа тэнцэж байсан байна. 2018 оны гуравдугаар сараас хойш гурван удаа учраа таарахдаа гурвууланд нь Ливерпүүл клуб илт илүүрхэн хожоод байгаа юм.
Энэ удаад эхний үе Манегийн тоглолт болж өнгөрсөн ба тэрээр 9 болон 20 дахь минутад дабль хийлээ. Харин хоёрдугаар үе Ван Дижкийн тоглолт болж өнгөрсөн гэхэд болно. Тэрээр мөн дабль хийж чадлаа. Гоолын дамжуулалтаар Трент Александр Арнолд тэргүүлсэн буюу гурван ч гоолын дамжуулалтыг хийсэн бол Анды Робертсон хоёр удаа гоолын дамжуулалт хийжээ.
Ливерпүүл болон Ватфорд клубуудын тоглолтын тойм бичлэгийг толилуулж байна.