Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэн явагдлаа. Манайхнаас эхний өдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй шилдэг таван жүдоч барилдаж гурван бөх маань медаль хүртлээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн юм.
www.livetv.mn/sport их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлж байгаа ба монгол бөхчүүдээ дэвжээнд гарах бүрд нь тамирчныхаа талаар болон өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийн хамт шуурхай мэдээлж байгаа билээ. Энэ удаад эрэгтэйчүүдийн -66кг жинд хүрэл медаль хүртсэн “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүүг онцлон танилцуулж байна. Тэрээр их дуулга тэмцээний эхний өдөр "тод од болон гялалзсан" юм.
Манайхны салхийг хагалж хамгийн түрүүлж дэвжээнээ гарсан Ё.Басхүү үүргээ онц биелүүллээ. Эхний тойрогт Гуинеа Биссау улсын тамирчин Цезарь Диоготой урамтай сайхан барилдан давсан билээ.
Хоёрдугаар тойрогт Алжир жүдоч Эззине Вайлтай барилдахаар гарч ирээд хэдхэн секундэд цэвэр дарлаа.
Гуравдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Израилын Фликер Талтай барилдан илүүрхэн ялсан.
С хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Шамилов Якубтай маш сайн барилдсан хэдий ч нэмэлт цаг дээр харамсалтайгаар ялагдсан. Та бүхэн бичлэгээс үзээд ойлгох байхаа. Тэрээр үнэхээр сайн барилдсан юм.
Дагах барилдаанд Казакстаны жүдоч Есет Куановыг нэмэлт цагт яллаа.
Хүрэл медалийн төлөө хэдхэн хоногийн өмнө Парисын их дуулга тэмцээний -66кг жинд түрүүлсэн Молдавын Денис Вьерутай барилдан яллаа. Молдавын тамирчин маш тэсрэлттэй, хурдтай барилдааныг үзүүлж байсан хэдий ч Ё.Басхүү маань сайхан мэхээр давлаа.
Өнөөдөр 15:30 минутаас их дуулга тэмцээний хоёр дахь өдрийн барилдааныг www.livetv.mn/sport суваг шууд дамжуулан хүргэнэ.