Филиппиний домогт боксчин Мэнни Пакьяо 40 насны босгон дээрээ мэргэжлийн боксын 70 дахь тулаанаа хийж 61 дэх ялалт байгууллаа.
Харин түүний өрсөлдөгч 36 тулаан хийж 33 ялсан үзүүлэлттэй АНУ-ын хүчирхэг боксчин Адриен Бронер байлаа. Америк боксчны хувьд энэ жил 29 настай бол Филиппин сенатын гишүүний хувьд 40 настай гэхээр хоорондын насны зөрүү нэлээдгүй их байсан юм.
Нийт 12 үе тулалдсан тулаанд Мэнни Пакьяо бүх үеүдийн турш илүүрхэн тоглож байлаа. Тулааныг дэнсэлсэн 3 шүүгч санал нэгтэйгээр Мэнни Пакьяог ялсныг зарласан юм.
Пакьяогийн хувьд мэргэжлийн боксын 8 өөр жингийн бүсийг өөрийн болгож байсан цорын ганц боксчин юм. Тэрээр дахин хэдэн ч тулаанд ороход бэлэн байгаагаа энэхүү тулаанаараа нотлон харууллаа. Пакьяогийн тулааныг үзэхээр ирсэн 13 мянга гаруй үзэгчид дунд түүний мөнхийн өрсөлдөгч асан Флойд Мейвийдер хүртэл байсан юм. Тулааны дараа сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа "Хэрэв Мэйвийдер зодог тайлаагүй байсан бол би түүнийг тулаанд дуудах байлаа" гэсэн байна.
Ингээд домогт боксчин Мэнни Пакьяо - Адриен Бронер нарын тулааны бичлэгийг хүлээн авч үзнэ үү.