Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд арван тулаан хийж 10 давсан босоо аварга "King Tug" Н.Төгсцогт энэ сарын 27 өдөр тулалдах тов гарсан байгаа билээ.
Түүний өрсөлдөгч Доминикан улсын боксчин К.Мариэро нь WBC болон IBO холбооны дэлхийн аварга болж байсан, одоо WBC холбооны чансаанд 57,2 кг жинд хоёрт бичигдэж буй 25 тулаанд оролцож 17 удаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч 2 удаа ялагдаад байгаа ширүүн тулаанч юм.
Уг хоёр тамирчны хэн ялсан нь WBC холбооны аваргын төлөө тулалдах эрхтэй болох юм байна. Доминиканы боксчин Клаудио Маррерогийн хувьд 2017 онд Перу улсын Карлос Самбраног ялан дэлхийн аварга болсон хэдий ч дараа нь Пуэрто Рикагийн Х.Рохасын эсрэг бүс хамгаалах тулаан хийгээгүй тул бүсээ алдсан байдаг.
Тэдний хэн ялсан нь WBC холбооны 57,2 кг-ийн жингийн аварга АНУ-ын Гэри Расселлтай (29-1, 17 КО) аваргын бүсийг нь булаан авахын төлөө тоглох эрхтэй болно. Холбооноос энэ талаар албан ёсоор зарласан тул Гэри Рассел энэ хоёр боксчны хэн ялсантай тулалдах болоод байгаа юм. Тиймээс Н.Төгсцогт болон Клаудио Марреро нарын тулаан одоогийн аварга Гэри Расселлыг ч "Нойргүй хонуулж байгаа" гэхэд болно.
Харин “International Boxing Organization” буюу IBO холбооны зүгээс энэ тулааны ялагч нь 57.2 кг жингийн аварга болно гэж зарласан юм.
Дэлхийн боксын сэтгүүлчдийн дүгнэж байгаагаар энэхүү тулаанд хэн ялахыг урьдчилан таах аргагүй ч ямар ч байсан 12 үе бүтэн тоглохгүй байх магадлал өндөртэй гэсэн байна. Тэдний тулааны тасалбар суудлаасаа хамаарч дунджаар 100 америк долларын үнэтэйгээр зарагдаж байсан ба тулааны тасалбар үндсэндээ дуусчээ. Нью Йорк хотын Barclays center-т тулаан болох ба нийт 14.000 орчим суудалтай том төв юм байна.
Н.Төгсцогт динамит хочит Пуэрто Рикогийн боксчинг нэгдүгээр үе дээр нам цохьсон тулааны бичлэг.
Дашрамд сонирхуулахад уг боксчин 19 тулаанд орж 16 ялж байсан ба 2016 оны 7 сард манай Н.Төгсцогтод ялагдсанаасаа хойш дахин дэвжээнд одоог хүртэл гараагүй байгаа юм.