Канад улсын Ванкувер болон Викториа хотноо шайбтай хоккейн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 43 дах удаагийн тэмцээн он дамнан явагдаж байна. ДАШТ-д оролцож буй 10 улсын баг 2 хэсэгт хуваагдан хүч үзсэн ба шөвгийн 4 баг тунан улдээд байна.
А хэсгийг тэргүүлэгч Оросын шигшээ баг В хэсгийн 4-өөр гарсан Словакийн шигшээ багтай шөвгийн 8-д учраа тааран 8:3 харьцаагаар хожиж цааш хагас шигшээ тоглох эрхтэй боллоо. Словак улсын шигшээ багийн хувьд өмнө нь хоёр ч удаа Канад улсад зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан (1999 болон 2015 он) ч энэ удаа ганзага хоосон нутаг буцлаа.
Тоглолтын эхний 11 минутад Оросын шигшээ баг 4 гоол орууллаа. Тоглолтын дараа Словакийн багийн ахлагч Мартин Фехервари сурвалжлагчид ярилцлага өгөхдөө: "Бид эхлэлээ тун муу тавьлаа. Өөрийн талбай дээрээ маш олон алдаа гаргаж байсан нь хожигдох гол шалтгаан боллоо" хэмээн тоглолтыг дүгнэн хэлсэн байна.
Харин Оросын багийн хамгаалагч Дмитри Саморуков хэлэхдээ: "Бид тоглолтын эхний 10 минутанд маш хурдтай хэд хэдэн гоол оруулахыг хүссэн. Бид түүнийгээ хийж чадлаа. Хэсгийн эхний тоглолтонд Словакыг Шведэд хожигдохыг бид харж байсан. Тийм ч учраас бид тактикаа зөв боловсруулж тоглосон" хэмээн хэлэв.
Одоогоор ДАШТ-ий гоолын тоогоор АНУ-ын довтлогч Поехлинг Рэйн 5 гоолтойгоор тэргүүлж байна.
Бид өмнө нь мэдээлж байсанчлан хагас шигшээ тус бүр 4 удаагийн дэлхийн аварга багууд болох ОХУ болон АНУ-ын багууд хоорондоо учраа таарсан байгаа. Уг тоглолт маргааш өглөө явагдах хуваарьтай байна.
ОХУ болон Словакийн шигшээ багуудын шөвгийн 8-ийн тоглолтын тойм: