БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа.
Жүдо бөхийн дэлхийн шилдгүүд цуглаж хуран цуглаад байгаа уг тэмцээнд манай улсаас 13 шилдэг жүдоч уригдсан юм.
Манай бөхчүүд дараах амжилтыг үзүүллээ.
- Эрэгтэйчүүдийн -100кг: ОУХМ Л.Отгонбаатар Мөнгөн медаль
- Эрэгтэйчүүдийн -60кг: МУГТ Д.Амартүвшин Хүрэл медаль
- Эрэгтэйчүүдийн -66кг: ОУХМ Д.Алтансүх Хүрэл медаль
- Шагналт 5 дугаар байранд МУГТ М.Уранцэцэг, МУГТ Г.Одбаяр нар орсон бол шагналт 7 дугаар байранд ОУХМ Г.Хэрлэн, МУГТ Д.Сумьяа, МУГТ Б.Мөнгөчимэг, Н.Дагвасүрэн нар шалгарлаа.
Нийт медалийн чанар, багийн дүнгээр 53 орны шилдгийн шилдэг жүдочдоос манай баг 9 дүгээр байрт жагслаа. Уг жагсаалтыг Япон улсын баг 7 алт, 3 мөнгө, 4 хүрэл медальтайгаар хол тасархай тэргүүллээ.
Өчигдөр барилдсан бөхчүүдээс Монгол улсын жүдоч ОУХМ Л.Отгонбаатарын талаар жүдо бөхийн мэдээллийн хэрэгслүүд онцлон өгүүлж байна. Учир юу гэвэл тэрээр D хэсгийн аваргын төлөө Японы Ийда Кентаротой барилдаж байхдаа зүүн хавирганы ясаа хугалсан боловч хагас шигшээд дэлхийн аваргын хүрэл медальт Египет улсын жүдоч Дарвиш Рамадантай барилдан нэмэлт цаг дээр ялж "Мастерс-2018"-д финалдсан явдал юм. Тамирчин хүнд байж болох тэвчээрийн хязгаарыг давж амжилт гаргасан түүнийг жүдо бөх сонирхогчид хүндлэн биширч байлаа. Тэрээр дэлхийн шилдгүүдийг давж финалд шалгарсан юм.
ОУХМ Л.Отгонбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт ОХУ-ын Иляасов Ниязтай урамтай сайхан барилдан торгуулиар цэвэр ялсан. Улмаар D хэсгийн аваргын төлөө Японы Ийда Кентарог ялан хагас шигшээд шалгарсан. Японы Ийда Кентарогийн хувьд -100кг жинд түрүүлэх бөхөөр нэрлэгдэж байсан бөгөөд тэрээр хоёрдугаар тойрогт шинэхэн дэлхийн аварга БНСУ-ын Чо Гухамыг төвөггүйхэн ялсан хэдий ч Л.Отгонбаатарт ялагдсан юм. Хоёр жүдоч хоорондоо энэ жил Азийн наадмын хагас шигшээд хоорондоо учраа таарч Л.Отгонбаатар ялагдан хүрэл медаль хүртэж Японы Ийда Кентаро аваргын алтан медаль хүртсэн бол дэлхийн шилдгүүдийн тулаанд Л.Отгонбаатар хариугаа авсан юм.
Алтан медалийн төлөө Рио-2016 Олимпийн мөнгө, дэлхийн гурван удаагийн мөнгө, хоёр хүрэл медальт Гүржийн Липартелиани Варлам аваргатай барилдах байсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдаанд авсан бэртэлээс шалтгаалан барилдаж чадсангүй. Ийнхүү ОУХМ Л.Отгонбаатар Мастерс-2018 тэмцээнээс Мөнгөн медаль хүртлээ.
ОУХМ Л.Отгонбаатарын хавирга нь хугарсан ч шүд зуун хагас шигшээд дэлхийн аваргын хүрэл медальт Египт улсын жүдоч Дарвиш Рамадантай барилдан ялсан барилдааны бичлэг: