Жүдо бөхийн зөвхөн шилдгүүд 3 хоногийн дараа БНХАУ-ын Гуанжу хотноо цуглана. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
www.livetv.mn сайт мастерс тэмцээн хүртэл монголын багийн тамирчдаа жин тус бүрээр нь цувралаар дэлгэрэнгүй танилцуулах болно.
Эрэгтэйчүүдийн -73кг:
Эрэгтэйчүүдийн -73кг жингийн шилдэг 16-д Монгол улсаас 2 бөх багтжээ. МУГТ Г.Одбаяр 4445 оноотойгоор дэлхийн чансааны 5-т эрэмблэгдэж байгаа бол ОУХМ Ц.Цогтбаатар 2817 оноотойгоор дэлхийн чансааны 12-т эрэмблэгдэж байна.
Энэхүү жинг Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Японы алдарт Сойчи Хашимото 6440 оноотойгоор тэргүүлж байгаа юм. Удаах байранд Олимпийн аварга Гүржийн Лаша Шавдатуашвили 5451 оноотойгоор эрэмблэгдэж байгаа юм. Энэ жинд барилдах бас нэгэн дэлхийн аварга байгаа нь БНСУ-ын Ан Чанрим юм. Тэрээр 5380 оноотойгоор 3-т эрэмблэгдэж байна. Эндээс харахад эрэгтэйчүүдийн -73кг жингийн барилдаанууд үзэгчдийг өндөлзүүлсэн барилдаануудаар дүүрэн байх нь тодорхой юм.
ОУХМ Ц.Цогтбаатарын хувьд энэ жил 22 настай ид ирэн дээрээ барилдаж байгаа ба энэ удаагийн мастерст цахиур хагална хэмээн ажиглагчид дүгнэж байгаа юм. Тэрээр дэлхийн чансааг тэргүүлж байгаа Японы Сойчи Хашимототой барилдаж байгаагүй ба энэ жил тэдний дуэлийг хүлээх хүмүүс их байна. Харин Гүржийн Лаша Шавдатуашвили аваргыг Ц.Цогтбаатар маань энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр хэрхэн савж шуугиан тарьж байсныг санаж буй бизээ.
Уг барилдааныг эргэн дурсан үзэцгээе