Жүдо бөхийн Тбилисийн их дуулга тэмцээн өнөөдөр /гуравдугаар сарын 21-ний өдөр/ албан ёсоор эхэлнэ.
Энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Тбилисийн их дуулга тэмцээнд зодоглох монголын баг, бүрэлдэхүүн болон тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57кг жингүүдийн барилдаан явагдана. Манай улсаас өнөөдөр таван жин тус бүрд хоёр буюу нийт есөн бөх барилдах хуваарьтай байна. Эрэгтэй хоёр жинд хүч үзэх гурван монгол бөхийн оноолтыг ЭНД дарж үзнэ үү.
Тэгвэл одоо эмэгтэй гурван жинд хүч үзэх зургаан монгол бөхийн оноолтыг танилцуулъя.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд:
А хэсэгт өнгөрсөн оны өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт Ж.Анударь эхний тойрогт Тел Авивын их дуулгын мөнгө, Улаанбаатарын их дуулгын хүрэл медальт Израйлын Т.Малкатай барилдах оноолттой байна. Хэрэв эхний учраагаа давбал тус жинг тэргүүлэн барилдах олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Шведийн Т.Бабулфаттай барилдана.
D хэсэгт залуучуудын дэлхийн аваргын хүрэл, мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг барилдах ба эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт өнгөрсөн оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын М.Хухтай барилдах оноолттой байна.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд:
А хэсгийг олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аваргын таван хүрэл медальт Францын А.Бучард тэргүүлж байгаа ба манай залуу тамирчин Ц.Гал-Од А хэсгийн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Азербайжаны А.Валиеватай барилдах оноолттой байна.
Харин D хэсэгт өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт М.Нандин-Эрдэнэ хүч үзэх ба эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Киприйн тамирчинтай барилдах оноолттой байна. Энэ хэсгийг дэлхийн аваргын хүрэл медальт Израйлын Г.Примо тэргүүлэн барилдаж байна.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд:
Энэ жинг олимпын мөнгө, хүрэл медальт Францын К.Сара Леоние тэргүүлж байгаа ба Улаанбаатарын их дуулгын хүрэл медальт М.Ичинхорлоо эхний тойрогт Кенийн бөхтэй учраа таарсан байна. Хэрэв эхний өрсөлдөгчөө ялбал жингийн тэргүүн бөхтэйгөө барилдана.
D хэсэгт өсвөрийн дэлхийн аварга бөгөөд Токиогийн их дуулгын хүрэл медальт Т.Ариунзаяа хүч үзэх ба эхний тойрогт Испанийн залуу бөхтэй учраа таарсан байна.