Сонирхогчдын боксын IBA холбооноос зохион байгуулж буй боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр манай хоёр ширэн бээлийтэн рингэнд гарлаа.
Серби улсын Ниш хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-ий онцлог нь анх удаа шагналт байранд шалгарсан тамирчин бүр мөнгөн шагнал хүртэнэ. Тодруулбал:
- Алтан медаль хүртвэл 100 мянган ам.доллар
- Мөнгөн медаль хүртвэл 50 мянган ам.доллар
- Хүрэл медаль хүртсэн тамирчин тус бүр 25 мянган ам.доллар
- Шөвгийн наймд шалгарсан тамирчид 10 мянган ам.долларын шагнал хүртэх юм.
14 дэх удаагийн ДАШТ-д 51 орны 239 эмэгтэй ширэн бээлийтэн хүч үзэж байгаа ба Казахстан, БНХАУ, ОХУ, Серби, Турк, Узбекистан зэрэг зургаан орон бүтэн багаар буюу 12 тамирчин оролцуулж байна.
Харин манай улсын хувьд гурван боксчингоо оролцуулж байгаа ба тэмцээний хоёр дахь өдөр манай хоёр боксчин рингэнд гарлаа.
57кг жинд Ази тивийн аварга, ОУХМ Т.Болортуул эхний тойрогт Ардчилсан Солонгосын Ку-тай тулалдаж шүүгчдийн саналаар ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.
Харин 54кг жинд оролцож буй Н.Оюун-Эрдэнийн өрсөлдөгч Саудын Арабын тамирчин рингэнд гарч ирээгүй тул шууд ялалт авч дараагийн шатанд тулалдахаар боллоо. Тэрээр шөвгийн 16-д өнөө шөнө (гуравдугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02:00 цагт) Венесуэлийн тамирчинтай тулалдах хуваарьтай байна.