Мэргэжлийн боксын рингнээ тасралтгүй ялсаар яваа МУГТ Э.Цэндбаатар ээлжит тулаанаа эх орондоо хийх болсноо зарлаад байна.
Тэрээр энэ оны 10 дугаар сард АНУ-д WBA холбооны хойд Америкийн аваргын бүсний төлөө Доминикан тулаанч Френси Фортунато Саяатай тулалдан ялалт байгуулсан билээ. Энэхүү ялалт нь МУГТ Э.Цэндбаатарын 11 дараалсан ялалт байлаа.
Тэгвэл түүний дараагийн буюу 12 дахь тулаан Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо шинэ оны нэгдүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулагдахаар болсон байна. Нэг ч ялагдаагүй яваа аваргын энэ удаагийн өрсөлдөгч болох АНУ-ын боксчин Жошуа Орта нь өмнөх өрсөлдөгчидтэй нь харьцуулахад нэлээн "чанга гар" байна. Тодруулбал: насны хувьд тэд чацуу бөгөөд хэн хэн нь 28 настай. Мөн түүнчлэн хэн хэн нь мэргэжлийн тулаанд ялагдал гээчийг үзээгүй явна. Ж.Орто 2018 оноос мэргэжлийн рингэнд тулалдсанаасаа хойш 12 тулаанд орж ялалт байгуулахдаа дөрвөн удаад нь өрсөлдөгчөө дутуу гаргасан байна. Энэ онд хоёр ч тулаанд орж өрсөлдөгчдөө ялаад байгаа шилдэг тулаанч юм.