Мэргэжлийн снукер биллиардын Ирландын нээлттэй тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтууд явагдлаа.
Өчигдрийн (10.21) тоглолтуудаас онцлох тоглолт бол мэдээж ахмадын дэлхийн аваргын дөрвөн түрүү, зургаан улааны дэлхийн хошой аварга, өдгөө 62 настай алдарт Жимми Уайт болон "Персийн хунтайж" хочит Ираны Хосейн Вафай нарын тоглолт байлаа.
44 жил тасралтгүй биллиардын ертөнцөд нэрээ цуурайтуулж буй Жимми Уайтын хувьд урьдчилсан шатанд хоёр өрсөлдөгчийг буулган авч үндсэн ангилалд ийнхүү эхний хожлоо байгууллаа. Түүнд "тахим буулгасан" Хоссейн Вафайн хувьд дэлхийн чансааны 24-т эрэмбэлэгдэж байгаа ба өнгөрсөн оны сүүлчээр British Open болон UK Championship тэмцээнүүдийн хагас шигшээд шалгарсныг биллиард сонирхогчид маань санаж байгаа биз ээ. Тоглолтын эхний өргөөс хоёр тамирчны оноо авалтууд тун ойролцоо байж өрсөлдөөн ширүүн явагдсан ба эцсийн дүнд 4:2 харьцаагаар Жиммигийн ялалтаар өндөрлөсөн юм.
Жимми Уайт тоглолтын дараа сэтгүүлчдэд: "Та бүхэн харсан байх. Би өнөөдөр хэд хэдэн боломжийг оноо авсныг. Бэлтгэл хийх тэмцээнд өрсөлдөөн үзүүлэх нь миний дуртай ажил юм.Өмнөх шигээ сайн биш ч ялалт байгуулж байгаадаа баяртай байна. Гэхдээ би одоо ч 147 оноо авах чадалтай хэвээр байна. " хэмээн хэлсэн байна.
Тоглолтын сүүлийн өрөгт Хосейны нуултаас Жимми хэд дараалсан бүтэлгүй оролдлогыг хийж өрсөлдөгчдөө 36 оноог бэлэглэсэн ч эцсийн мөчид ялалт байгууллаа. Энэ өрөг тэр чигтээ сонирхолтой цохилтуудаар дүүрэн байсан ба оноо ойролцоо явах мөчид Хосейн алдааны дараа цагаан бөмбөлгийг байрлуулахдаа буруу байрлуулсан үндэслэлээр торгуулж улмаар шүүгчтэй маргалдсан юм. Бичлэгийг хэд хэдэн удаа ухраан үзэж шүүгчийн зөв болохыг хэн хэн нь хүлээн зөвшөөрсөн байна.