Жүдо бөхийн уламжлалт Абу Дабыгийн их дуулга тэмцээн өнөөдөр 10 дахь удаагаа хөшгөө нээж байна.
Энэ удаагийн их дуулга тэмцээнд харьцангуй цөөн тооны жүдоч оролцож байгаа ба 29 орны 219 жүдоч хүч үзнэ. Манай улсаас 2022 оны Улаанбаатарын их дуулгын алт, өнгөрсөн оны Анталя, Парисын их дуулгуудын мөнгө, Абу Дабы, Улаанбаатарын их дуулгуудын хүрэл медальт Б.Эрхэмбаяр эрэгтэйчүүдийн -66кг жинд, залуучуудын олимпын мөнгө, дэлхийн аварга Л.Сосорбарам эмэгтэйчүүдийн -52кг жинд өрсөлдөнө.
Мөн түүнчлэн Арабын Нэгдсэн Эмират улсын нэр дээрээс барилдаж буй Б.Нармандах, Б.Хорлоодой нар барилдах урьдчилсан мэдүүлгээ өгөөд байсан ч Б.Нармандах тэмцээнийг өнжихөөр болсон байна.
Иймд өнөөдөр манай гурван бөх барилдахаар боллоо.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд:
А хэсгийг Л.Сосорбарам тэргүүлэн барилдах ба эхний тойрогт гоц мөргөсөн байна. Улмаар хоёрдугаар тойрогт Бразил болон Филиппиний бөхчүүдийн ялсныг хүлээж байна. Харин Б.Хорлоодой С хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Бразилын бөхтэй учраа таарсан байна.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд:
Б.Эрхэмбаяр жингээ тэргүүлж буй тул А хэсэгт эхний тойрогт мөн гоц мөргөсөн байна. Улмаар хоёрдугаар тойрогт Кипр болон Филиппиний залуу бөхчүүдийн хэн ялсныг хүлээж байна.