Монголын эмэгтэй сагсчдаас анх удаа гаднын томоохон мэргэжлийн лигт тоглох гэрээг үзэглэлээ.
Энэ бол Монгол улсын шигшээ баг болон Улаанбаатар Амазонс багийн тоглогч Онолбаатарын Хулан юм. Тэрээр БНХАУ-ын WCBA-ийн "WUHAN CRANES" багт тоглохоор болж гэрээгээ байгуулсан байна.
Түүний хувьд өнгөрөгч зургаадугаар сард БНХАУ-ын Ухань хотноо болсон "FIBA 3x3 Wuhan Women Series" тэмцээнд шигшээ багтайгаа оролцон тэмцээнийг зохион байгуулагч Ухань хотын багийг хожсоноор уг багийн анхааралд өртсөн юм. Улмаар түүнийг багтаа элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бэлтгэлийн бааздаа өнгөрөгч есдүгээр сард урьж хамтарсан бэлтгэл, тоглолт хийж шалгасан байна.
Ийнхүү О.Хулан тус багт сонгогдсоноор манай эмэгтэй тамирчдаас гадны топ лигт тоглох гэж буй анхны мэргэжлийн тамирчин болж байна.
О.Хуландаа шинэ улиралд нь өндөр амжилт хүсье!