"Парис 2024" олимпын наадам өндөрлөж шинэ олимпын мөчлөг эхэлсэн энэ өдрүүдэд спортын төрөл бүрийн олон улсын тэмцээнүүд харьцангуй багасдаг уламжлалтай.
Харин жүдо бөхийн хувьд шинэ он гарахаас өмнө дэлхийн цуврал тэмцээнүүдээс Абу Дабы болон Токиогийн их дуулга тэмцээнүүдээс гадна ахмадын болон цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах хуваарьтай байна.
Энэ оны тавдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабы хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан бол энэ амралтын өдрүүдэд /10 сарын 11-нээс 13-ны өдрүүдэд/ Абу Дабыгийн уламжлалт их дуулга тэмцээн 10 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Одоогоор байдлаар Абу Дабыгийн их дуулга тэмцээнд 32 орны 234 жүдоч өрсөлдөх мэдүүлгээ өгөөд байгаа бол манай улсаас 2022 оны Улаанбаатарын их дуулгын алт, өнгөрсөн оны Анталя, Парисын их дуулгуудын мөнгө, Абу Дабы, Улаанбаатарын их дуулгуудын хүрэл медальт Б.Эрхэмбаяр эрэгтэйчүүдийн -66кг жинд, залуучуудын олимпын мөнгө, дэлхийн аварга Л.Сосорбарам эмэгтэйчүүдийн -52кг жинд хүч үзэх мэдүүлгээ өгөөд байна.
Мөн түүнчлэн Арабын Нэгдсэн Эмират улсын нэр дээрээс барилдаж буй Б.Нармандах, Б.Хорлоодой нар барилдах мэдүүлгээ өгсөн байна.
Ташрамд дурдахад монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар У.Эрдэнэбаатар томилогдсон ба өмнөх дасгалжуулагч болох МУГД, МУГТ Х.Болдбаатар шигшээ багийнхаа зөвлөх дасгалжуулагчийн албанд шилжээд байна.
Лос-Анжелес 2028 олимпын наадмын циклд хүч үзэх баг, тамирчдадаа өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.