БНСУ-ын Чунчон хотноо олимпын таеквондогийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсоор хөшгөө нээж байна.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түүхэнд байгаагүй хамгийн олон орны (127 улсын) 1000 гаруй тамирчин оролцож байгаагаараа онцлогтой болж байна.
Манай улсаас энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 10 тамирчин буюу түүхэндээ анх удаа бүтэн багаар оролцож байна.
Мөн түүнчлэн манай улсаас МУГД Н.Эрдэнэбаатар, Т.Уянга нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дэнслэх бол монголын таеквондогийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ П.Дүүрэнжаргал тэргүүтэй 7 дасгалжуулагч баг, тамирчдаа дасгалжуулж байна.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр (10 сарын 1-ний өдөр) манай дараах тамирчид тулалдах хуваарьтай байна.
Эрэгтэйчүүдийн -63кг жинд 2022 оны залуучуудын Ази тивийн аваргын хүрэл медальт Т.Тэмүүлэн эх орноо төлөөлөн тулалдахаар Япон улсаас зорин ирээд байна. Түүний жинд нийт 53 орны тамирчид өрсөлдөж байгаа ба Т.Тэмүүлэн эхний тулаандаа БНСУ-ын тамирчинтай учраа таарсан байна. /Тавдугаар дэвжээний 6 дахь тулаан/
ТАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
Эмэгтэйчүүдийн -52кг жинд ДХИС-ын тамирчин Ц.Болоржаргал Монгол улсыг төлөөлөн тулалдах ба эхний тойрогт Египетийн тамирчинтай учраа таарсан байна. /Дөрөвдүгээр дэвжээний 3 дахь тулаан/
ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
Харин эмэгтэйчүүдийн -59кг жинд өнгөрсөн оны Тажикстан, Узбекистаны цомын тэмцээнүүдийн аварга Ховд аймгийн "Эрин" клубын тамирчин Ш.Сувд-Эрдэнэ тулалдах ба эхний тойрогт Арабын нэгдсэн Эмират улсын тамирчинтай тулалдах оноолттой байна. /Тавдугаар дэвжээний 9 дэх тулаан/
Нийт баг, тамирчдадаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.