Холимог тулааны дэлхийн шилдэг холбоо болох ONE Championship холбооны 2024 оны хамгийн эхний тулаанд монголын хоёр тулаанч тулалдана.
Тодруулбал энэ сарын 12-ны өдөр "ONE Fight Night 18" тулаанд монголын шилдэг тулаанчид болох З.Шинэчагтага болон Б.Энх-Оргил нар тулалдана.
Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдах тус тулаанд Б.Энх-Оргилын хувьд өөрийн жингийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй 27 настай ОХУ-ын Артём Белахтай тулалдана. Орос тулаанчийн хувьд ONE Championship холбоонд хоёр тулаанд орохдоо эхний өрсөлдөгч болох Бразилийн Леандро Иссаг шүүгчдийн саналаар ялсан ч өнгөрсөн онд сүүлийн тулаанаа БНСУ-ын Квон Вон Илд ялагдсан юм.
Б.Энх-Оргилын хувьд энэ жил 35 настай бөгөөд ONE Championship холбоонд гурван тулаан хийж бүх өрсөлдөгчдөө ялаад байгаа юм. Тэрээр: "Энэ тулаан бол миний оргил өөд тэмүүлэх эсвэл завсарлага авахыг шийдвэрлэх чухал тулаан байх болно" хэмээн мэдэгдсэн байна.
Харин З.Шинэчагтагын хувьд Б.Энх-Оргилтой өрсөлдөх Артём Белахыг ялсан БНСУ-ын Квон Вон Илтэй тулах ба Квон Вон Ил нь ONE Championship холбоонд 12 тулаанд орж найм ялаад байгаа шаггүй тулаанч юм. Таеквондо суурьтай Квон Вон Ил нь найман ялахдаа бүх өрсөлдөгчөө "дутуу гаргасан" байдаг. Харин энэ жил 27 настай З.Шинэчагтага ONE Championship холбоонд долоон тулаанд орж тав ялсан болохыг холимог тулаан сонирхогч үзэгчид маань мэдэх биз ээ.