Шайбтай хоккейн 48 дахь удаагийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.
Швед улсын Готенбург хотноо өнгөрсөн оны 12 сарын 26-нд эхэлсэн тус ДАШТ өнөөдөр /1 сарын 6-ны өдөр/ өндөрлөлөө. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 20 удаагийн аварга бөгөөд сүүлийн хоёр жил дараалан дэлхийн аварга болсон Канадын хүчирхэг ба дахин аваргын төлөө хүч үзсэн ч харамсалтай нь медальт байранд шалгарч чадсангүй.
Канадын баг хэсгээсээ 2-оор гарч шөвгийн наймд Чехийн багтай учраа таарсан юм. Өнгөрсөн жилийн ДАШТ-ий шигшээ тоглолтод тус хоёр баг тунан үлдэж Канад залуучууд хожиж байсан ч энэ удаад Чехийн хожих ээлж ирсэн байна. Ийнхүү Канадын залуучууд 2019 оноос хойш анх удаа ДАШТ-ий шигшээд шалгарч чадсангүй.
Шигшээ тоглолтод АНУ болон тэмцээнийг зохион байгуулагч Шведийн багууд тунан үлдсэн ба 6:2 харьцаагаар АНУ-ын залуучууд хожил байгуулж дэлхийд зургаа дахь удаагаа түрүүллээ. АНУ-ын баг 2004 оноос хойш ийнхүү зургаа дахь түрүүгээ хүртэж буй нь энэ юм.
Хүрэл медалийн тоглолтод Чехийн залуучууд Финландыг 8:5 харьцаагаар буулган авч медальтай гэртээ буцлаа. Тус тоглолтын гуравдугаар үеийг энд онцлох нь зүйтэй. Ердөө 50 секундийн дотор дөрвөн гоол орсон нь түүхэнд тэмдэглэх рекорд болсон юм.