Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолтууд эхэллээ.
Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдаж буй эрэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий 10 дахь өдрийн тулаанд манай хоёр боксчин өрсөлдөгчдөө буулган авснаар хүрэл медалийн болзол хангалаа.
63.5 кг жинд Азийн наадмын мөнгө, Ази тивийн алт, мөнгө, хошой хүрэл медальт ОУХМ Б.Чинзориг сүүлийн гурван олимпын наадмын хүрэл, 2011, 2013, 2015 оны дэлхийн аварга, 2017, 2019 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Кубын алдарт Лазаро Алварезийг 4:1 харьцаагаар буулган авч ДАШТ-ий медалийн болзлыг хангалаа. Б.Чинзориг хагас шигшээ тулаанд тавдугаар сарын 12-ны өдөр Ази тивийн аварга Тажикстаны Б.Усмоновтой тулалдана.
67 кг жинд Б.Мишээлт Венесуэлийн тамирчинтай тулалдаж эхний үед 5:0 хожигдсон ч хоёрдугаар үеийн төгсгөлд Венесуэлийн тамирчны хөмсөг задарч улмаар цаашид тулалдах боломжгүй болсноор шүүгчид ялалтыг манай тамирчинд өглөө. Ийнхүү хүрэл медалийн болзол хангасан Б.Мишээлт хагас шигшээ тулаанд тавдугаар сарын 12-ны өдөр Узбекистаны А.Мудинхаевтэй тулалдана.