Мэргэжлийн снукер биллиардын 47 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх дөрвөн тамирчин тодорлоо.
Шөвгийн наймд өрсөлдөөн улам ширүүн өрнөлөө. Энэ жил найм дахь удаагаа түрүүлж домогт Стефен Хендри аваргын амжилтыг эвдэхийг зорьж байсан Ронни аварга хожигдсон нь томоохон дуулиан байлаа. Дэлхийн чансааг тэргүүлж буй Ронни шөвгийн наймд Бельги залуу тамирчин Л.Бреселд 13:10 харьцаагаар хожигдлоо. Хоёр тамирчны хувьд өмнө нь дөрвөн удаа учраа таарахад гурван удаад нь Ронни аварга илт илүүрхэн хожиж байлаа.
Тоглолтын дараа Ронни аварга: "Лука өнөөдөр гайхалтай байлаа. Тэр ямар их авьяастай ямар сайн тамирчин болохыг та бүхэнд бүгд харсан байх. Би өмнө ийм чадвартай тамирчинтай таарч явсангүй. Тэр өөрийгөө хэр сайн тамирчин бэ гэдгээ мэддэггүй ч байж магадгүй" гэсэн бол Лука: "Домогт Ронниг долоон өрөг дараалан хожно гэдэг, бүр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түүнийг буулган авна гэдэг өөрөө гайхамшиг. Энэ яг зүүд шиг л байна. Намайг домогт Марк Уиллиамсыг хожиход хүмүүс гайхаж байсан хүмүүс одоо бүүр ч галзуурч байгаа байх. Одоо надад жоохон амралт хэрэгтэй байна" гэжээ.
Ийнхүү Лука Бресел анх удаа дэлхийн аваргын хагас шигшээд шалгарсан бол нөгөө талд БНХАУ-ын залуу тамирчин Си Жианхуй мөн анх удаа хагас шигшээд шалгарлаа. Өөрөөр хэлбэл дэлхийн аваргын хагас шигшээд анх удаа шалгарч буй хоёр тамирчин хоорондоо учраа таарлаа.