Англи улсын Шеффиелд хотноо зохион байгуулагдаж буй мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуулиан шуугиан дунд өрнөж байна.
Биллиардын спортыг сонирхогчдын анхаарлын төвд буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр үзэгчдээс шалтгаалсан саатал гарлаа. Тодруулбал: Роберт Милкинс, Жо Перри нарын тоглолтын дундуур үзэгчдийн суудлаас нэгэн хүн гарч ирээд, ширээн дээр үсэрч, улбар шар өнгийн нунтаг цацсан байна. Улмаар тоглолт багагүй хугацаанд завсарласан байна. Тэмцээнийг тасалдуулсан этгээдүүд "Just Stop Oil" хэмээх эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн байжээ. Тэд: "Засгийн газраас Их Британийн чулуужсан түлшний бүх шинэ төслүүдийг нэн даруй зогсоохыг шаардаж, Их Британийн спортын байгууллагуудыг засгийн газрын хоморголон устгах бодлогын эсрэг иргэний эсэргүүцэлд оролцохыг уриалж байна" гэжээ. Тус хөдөлгөөнийхөн зөвхөн энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр зогсохгүй Английн хөлбөмбөгийн Премьер лигийн тоглолтын үеэр өөрсдийгөө хаалганы шонтой хүлэхийг оролдож байснаас гадна Формула 1-ийн Их Британийн Гран При тэмцээний үеэр хэсэг жагсагчид зам руу дайран орж ирж байжээ.
Зохион байгуулагчид энэ явдлын дараагаас аюулгүй байдлын хяналтаа чангаруулах болсон байна.