Жүдо бөхийн уламжлалт Тел Авивийн их дуулга тэмцээн өнөөдөр албан ёсоор "хөшгөө нээнэ".
2019 оноос гран при ангиллаар зохион байгуулагдаж ирсэн тус тэмцээн 2021 онд их дуулга ангиллаар зохион байгуулагдах болсон юм. Энэ удаагийн Тел Авивийн их дуулга тэмцээнд 52 орны 398 жүдоч хүч үзнэ. Манай улсаас олимпын хүрэл, дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 жүдоч зодоглох ба манай баг бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр /2.16/ уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас таван жинд зургаан бөх барилдана.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд:
Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Г.Наранцэцэг эхний тойрог гоц мөргөж хоёрдугаар тойрогт Чех, Доминиканы бөхчүүдийн хэн ялсантай барилдах оноолттой байна.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд:
Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт залуу мастер М.Нандин-Эрдэнэ эхний тойрогт Израйлын бөхтэй учраа таарсан байна.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд:
Өсвөрийн Ази, номхон далайн орнуудын аварга О.Оюунчимэг эхний тойрогт Украины залуу бөхтэй учраа таарсан байна. Энэ жингийн хамгийн эхний онцлох барилдаан бол олимп, дэлхийн медальтнууд болох Японы Ё.Цукаса, Украины Д.Билодид нарын хооронд болно. Тэд хэн хэн нь эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт учраа таарч байгаа юм.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд:
Энэ жинд манайхаас хоёр бөх барилдах ба В хэсэгт залуу мастер Б.Сүхбат эхний тойрогт олимпын хүрэл медальт Францын Лука Мхейдзитэй учраа таарсан байна.
Харин С хэсэгт Улаанбаатарын их дуулгын хүрэл медальт Э.Сумъяабазар эхний тойрогт Францын Максим Мерлинтэй учраа таарсан байна. Хоёр бөхийн хувьд өмнө нь гурван удаа учраа таарч байсан ба хоёр удаад нь Э.Сумъяабазар давж байлаа.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд:
Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Л.Өнөболд эхний тойрогт Парисын их дуулгын хүрэл медальт Францын Орландо Казорлатай учраа таарсан байна.
Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхлэнэ.