Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдлаа.
Тэмцээний эхний өдөр манай улсаас ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд тэргүүтэй манай 13 бөх барилдлаа.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд барилдсан өнгөрсөн оны Улаанбаатарын их дуулга тэмцээний аварга, 2018 оны Дюселдорфийн их дуулгын хүрэл медальт Б.Эрхэмбаяр Олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аварга Ан Баул тэргүүтэй Украин, Алжир, Узбекистан, Францын бөхчүүдийн дараалан ялж аваргын алтан медалийн төлөө Украины Иадов Богданд ялагдан мөнгөн медаль хүртлээ.
Харин эрэгтэйчүүдийн -73кг жинд О.Уранбаяр Франц, Куба, Алжир улсын бөхчүүдийн хэсгийн барилдаанд ялж улмаар хэсгийн аваргын төлөө олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Бразилын Д.Каргнинд ялагдан дагах барилдаан хийхээр болсон. Дагах барилдаанд Молдав, БНСУ-ын бөхчүүдийг ялж хүрэл медаль хүртлээ.
Өнөөдөр /2.5/ тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас өнгөрсөн оны Парисын их дуулгын аварга О.Цэцэнцэнгэл тэргүүтэй найман бөх барилдана.
Парисын их дуулга тэмцээний хуваарь болон тус тэмцээнд зодоглож буй монголын баг, бүрэлдэхүүнтэй ЭНД дарж танилцана уу.