Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос дэлхийн чансааны оноо олгох энэ оны эхний тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ.
Хорват улсын нийслэл Загреб хотноо хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Zagreb Open” тэмцээнд манай улсаас МУГД Т.Сүхбаатар, Б.Баттулга, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор дараах бөхчүүд зодоглож байна.
Эрэгтэйчүүд
61 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүү
65 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга
70 кг жинд ОУХМ Э.Тэмүүлэн
92 кг жинд ОУХМ Г.Ганхуяг
Эмэгтэйчүүд
50 кг жинд МУГТ Д.Отгонжаргал
53 кг жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан нар оролцож байна.
Өчигдөр тэмцээний салхийг хагалан манай улсаас барилдсан бөхчүүд дараах амжилтыг үзүүллээ.
61 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүү эхний барилдаандаа Францын бөхийг цэвэр, хагас шигшээд Туркийн Эмра Орманоглуг оноогоор ялж аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Алтан медалийн төлөө дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй ДАШТ-ий мөнгө, Азийн аварга Ираны Реза Ахмадалид ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
65 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга 1/8-д Аргентины бөхийг, хэсгийн аваргын төлөө АНУ-ын бөхийг тус тус цэвэр яллаа. Хагас шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт Унгарын Исмайл Мусукаевийг 6:2 харьцаагаар ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Алтан медалийн төлөө Пан-Америкийн хошой аварга АНУ-ын Жозеф Маккеннаг ялж аваргын алтан медаль хүртлээ.
70 кг жинд ОУХМ Э.Тэмүүлэн эхний барилдаандаа АНУ-ыг ялсан ч хагас шигшээд олимпын мөнгө, хүрэл, ДАШТ-ий гурван удаагийн аварга Азербайжаны Хажи Альевд ялагдан дагах барилдаанд өнгөрсөн оны 23 хүртэлх насны дэлхийн аварга Гүржийн Г.Элбакидзед ялагдан шагналт байранд шалгарлаа.