Энэ өдрүүдэд Азербайжан улсын Баку хотноо харааны бэрхшээлтэй жүдо бөхийн тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.
Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний хоёр өдөр ганцаарчилсан барилдаан явагдсан ба өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр багийн барилдаанаар үргэлжлэн явагдана. Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор долоон тамирчин өрсөлдөж эмэгтэйчүүдийн J1 ангиллын -70 кг жинд барилдсан Л.Туруунаа мөнгөн медаль хүртлээ.
Тэрээр 2012 оноос жүдо бөхөөр хичээллэж байгаа ч үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаагүйн улмаас энэ удаагийн ДАШТ-д хувийн зардлаар оролцсон байна. Л.Туруунаа эхний тойрогт J1 ангиллын эмэгтэйчүүдийн -70кг жинг тэргүүлэн барилдсан Бразилын бөхийг, улмаар Италийн бөхийг тус тус цэвэр ялж шигшээ барилдаанд тунан үлдсэн юм. Аваргын алтан медалийн төлөө Туркийн бөхөд ялагдсанаар дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ. Л.Туруунаагийн хүртсэн энэхүү медаль нь монголын пара жүдо бөхийн тамирчдаас ДАШТ-аас хүртэж буй анхны медаль болж байна. Дэлхийн медальтан болсон Л.Туруунаадаа баяр хүргэхийн сацуу цаашдын тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.