ОХУ-ын зүгээс Украин улсад халдан довтолсон даруйд олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ ОХУ, Беларусын баг, тамирчдыг тэмцээн, уралдаанд оролцохыг нь хориглоод байсан ч дараа нь спорт нь улс төрөөс ангид байж, тамирчид хохирох ёсгүй гэсэн үүднээс дээрх улсуудын жүдо бөхийн тамирчдыг төвийг сахисан статусаар буюу IJF-ын туган дор оролцохыг зөвшөөрсөн нь маргаан дагуулсан хэвээр байна.
Дайн эхэлснээс хойш Монгол улсад зохион байгуулагдсан Улаанбаатарын их дуулга тэмцээнд ОХУ-ын баг, тамирчид IJF-ийн туган дор оролцсон ба Украин тэргүүтэй ихэнх улс орны жүдо бөхийн холбоод эсэргүүцэж байсан юм.
Тэгвэл 15 хоногийн дараа Узбекистан улсад зохион байгуулагдах насанд хүрэгчдийн ДАШТ-д энэ асуудал дахин хөндөгдөж байна. Хэд хэдэн улс хэрэв ДАШТ-д ОХУ-ын бөхчүүд оролцох тохиолдолд бойкот хийнэ хэмээн мэдэгдсэн байна.