ОХУ-ын Владивосток хотын “Арена Спорта” спортын ордонд боксын Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзориг дасгалжуулагч Б.Эрдэнэбаярын удирдлага дор мэргэжлийн боксын тулаан хийлээ.
Дорнын эдийн засгийн форумын хүрээнд зохион байгуулагдсан тус тулаанд ОУХМ Б.Чинзориг 67 кг жинд ОХУ-ын шилдэг боксчин Хикмет Гараевийг илт давуу яллаа.
Хикмет Гараевийн хувьд энэ оны эхээр ОУХМ Г.Баярхүүтэй тулалдан ялалт байгуулж байлаа. Тэрээр нийт 30 тулаанд орж долоон удаа ялагдал хүлээж байсан ба нэг ч удаа хүнд цохилтоор ялагдаж үзээгүй тулаанч юм.
Хикмет Гараев болон Б.Чинзориг нар өмнө нь "гар зөрүүлж" үзээгүй байсан ба Гараевийн зүгээс Б.Чинзоригийг тулаанд дуудаж улмаар ялагдал хүлээлээ. Энэхүү тулаан нь ОХУ-ын бокс сонирхогчдын анхаарлын төвд байсан ба тус улсын бүхий л спорт бооцооны цахим сайтууд дээр бооцоо идэвхтэй явагдсан байна.