Жүдо бөхийн Улаанбаатар их дуулга тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрийн хэсийн барилдаанууд явагдаж өндөрлөлөө.
Тэмцээний эхний өдөр хөнгөн жин буюу эрэгтэй -60кг, -66кг, эмэгтэй -48кг, -52кг, -57кг жингүүдийн барилдаан явагдаж хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл буюу нийт найман медаль хүртсэнээр багийн дүнгээр Монгол улсын баг, тамирчид тэмцээнд оролцож буй 30 орныг тэргүүлж байна. Эхний өдөр медаль хүртсэн тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр уламжлал ёсоор эрэгтэй -73кг, -81кг, эмэгтэй -63кг, -70кг жингүүдийн барилдаан явагдаж манай улсаас "Токио 2020" олимпын наадмын хүрэл медальт, ОУХМ Ц.Цогтбаатар тэргүүтэй 16 бөх барилдаж эрэгтэйчүүдийн -73кг жинд таамгийн дагуу Ц.Цогтбаатар алтан медалийн төлөө, Л.Анхзаяа хүрэл медалийн төлөө барилдахаар тунан үлдээд байна.
Ц.Цогтбаатарын хувьд их дуулга ангиллын тэмцээнээс дөрвөн алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байсан ба өнөөдөр алтан медалийн төлөө 2021 оны Казан, Бакугийн их дуулгын аварга ОХУ-ын М.Махмадбектэй учраа таарсан байна. Хоёр бөхийн хувьд өмнө нь Бакугийн их дуулга тэмцээнд учраа таарч байсан тэрхүү барилдаанд М.Махмадбек ялж байсан удаатай.
Харин залуу мастер Л.Анхзаяа хүрэл медалийн төлөө Израйлын алдарт Т.Бутбултэй учраа таарсан байна.