Унгар улсын нийслэл Будапешт хотноо 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдөр Олон улсын шударга өрсөлдөөний хорооноос жүдо бөхийн дэлхийн аварга Саид Моллаэйд "Шударга өрсөлдөөний төлөөх шагнал" гардууллаа.
Хэдийгээр уг шийдвэр 2019 онд гарсан хэдий ч цар тахлын тархалтын улмаас гардуулж чадалгүй өнөөдрийг хүрсэн байна. Энэхүү өргөмжлөлийг шударга өрсөлдөхийн төлөө тэмцсэнээсээ болж хохирсон, шударга өрсөлдөхийг уриалсан тамирчин эсвэл багт олгодог уламжлалтай. Саид Моллаэй 2019 онд Токио хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Израилын бөхтэй барилдахыг хориглосон Ираны эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэж улмаар эх орноосоо дүрвэсэн байдаг.
Олон улсын шударга өрсөлдөөний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Сунил Сабхарвал шагнал гардуулах үеэрээ
"Спортын талбарт улс төр оролцох ёсгүй, тамирчид шударга өрсөлдөх ёстой. С.Моллайн тэмцлийн үр дүн бол олимпын наадмын мөнгөн медалиас гадна бусад хавчлага, дарамтад өртөж буй тамирчдад урам зориг, итгэл найдвар өгсөн явдал байлаа" хэмээлээ.
Ташрамд сонирхуулахад С.Моллай аварга "Токио-2020" аварга олимпын наадамд Монгол улсын нэрийн өмнөөс барилдан мөнгөн медаль хүртсэн бол энэ оноо эхлэн Азербайжан улсын нэрийн өмнөөс барилдах болсон юм.